Шүри цайзыг сэргээн засахад 3.2 сая ам.доллар цуглуулжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-11-06 16:27:44

ТОКИО. /TASS/. Японы иргэд өнгөрсөн долоо хоногт галд бараг бүрэн сүйдсэн эртний цайзыг сэргээн засахад долоо хоног хүрэхгүй хугацаанд 350 сая иен буюу 3.2 сая ам.доллар цуглуулсан тухай тус улсын олон нийтийн телевизээр мэдээлжээ.


Японы баруун өмнөд нутгийн Окинава мужийн нийслэл Наха хотод оршдог Шүри цайзыг сэргээн засах санхүүжилтийг босгох аяныг уг цайзад гал гарсны маргааш нь буюу 11 дүгээр сарын 1-нд эхлүүлжээ. Одоогийн байдлаар хандив цуглуулах аянд нийтдээ 25 мянга гаруй хүн оролцоод байна. Окинава арлыг 1879 онд Японд нэгтгэх хүртэл олон зууны туршид Рюкю улсын хаадын ордон байсан энэхүү цайзын цогцолборын гол, хойд, өмнөд хэсгүүд галд сүйдсэн байна. Нийт 6000 хавтгай дөрвөлжин метр талбайд долоон барилга шатжээ.


ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Шүри цайз нь XIV-XV зууны үед баригдсан бөгөөд Хятад, Японы уран барилгын онцлог шинжийг хослуулжээ. Уг цайзыг Окинавагийн өвөрмөц соёлын бэлгэдэл гэж үздэг байв. 1945 онд Америкийн десантын болон Окинава арлыг хамгаалах япон цэргүүдийн хооронд болсон ширүүн тулалдааны үеэр уг цогцолбор бүрэн сүйджээ. 1992 онд цайзыг эртний зураглалынх нь дагуу сэргээн зассан байна.

Холбоотой мэдээ