Засгийн газрын тусгай сангуудын үр нөлөөг дээшлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн, дэмжив.
Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж буй Засгийн газрын тусгай сангуудыг оновчтой зохион байгуулж санхүүжилт, зарцуулалтыг ил тод, хяналттай болгох, олон нийтийн оролцоог хангах замаар эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Мөн төсөлтэй холбогдуулан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 15 хуулийн төслийг боловсруулсан байна. Шинэчилсэн найруулгын төсөлд Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих санг байгуулах талаар тусгасан ч ажиллаагүй тул татан буулгах хуулийн төслийг боловсруулжээ. Түүнчлэн Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нийт батлан даалтын 60 хувийг Засгийн газрын тусгай сангаас давхар батлан даахаар зохицуулсныг хүчингүй болгож, төсөвт ирж болзошгүй өр төлбөрийн эрсдэлийг бууруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жавхлан асуулт асууж, Сангийн сайдаас хариулт авсны дараа санал хураав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.