Эрдэнэбүрэн сумын сургууль болон дотуур байранд засвар хийх шаардлагатай

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-06 20:11:37

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Эрдэнэбүрэн суманд ажиллав.

Тэрбээр Эрдэнэбүрэн сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр болон дотуур байрны үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь очиж танилцав.

Тус сумын сургууль нь 350 орчим сурагч, 50 гаруй багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн хичээлийн байр 1987 онд ашиглалтад орсон бөгөөд 2009 онд их засвар хийжээ. Харин дотуур байр 1989 онд ашиглалтад орсноос хойш их засвар хийгээгүй аж.

Сүүлийн жилүүдэд сургуулийн хичээлийн болон дотуур байрны дээврээс ус гоожих, зарим цонхны рам гажсаны улмаас хүйтний улиралд дулаан их хэмжээгээр алдах, шал цөмөрсөн, гадна хана цуурсан зэрэг бэрхшээл үүсчээ. Иймд сурагчдын эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөл боломжийг хангахгүй байна. Тиймээс сургууль болон сурагчдын дотуур байранд их засвар хийх санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах хүсэлт уламжиллаа.

Түүнчлэн сумын хэмжээнд дулаан хангамж түгээгч “Вива зоне” компанийн уурын зуухны үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга танилцсан юм.

Энэ үеэр Эрдэнэбүрэн сумын удирдлагууд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан 1 м.куб талбайг халаах 1550 төгрөгийн үнэ тарифыг сумын дулаан халаалтын төсвийн зардлаас шалтгаалан 1200 төгрөг болгож бууруулах  хүсэлт гаргасан юм.

Үүнээс гадна  улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж буй “Нутгийн удирдлагын ордон”-ы барилгын ажлын явцтай танилцлаа. 2020 онд ашиглалтад орох тус бүтээн байгуулалтын ажлыг “Цагаан бөлбөө” ХХК-ийн хамт олон гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар барилгын ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна.

Аймгийн Засаг даргын зүгээс энэ оны ажлын төлөвлөгөө, биелэлтийг бүрэн хангаж, хүйтрэхээс өмнө ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй гэж онцоллоо.  

Холбоотой мэдээ