Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-07 16:32:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэв.


Төсөлд, ирэх онд эдийн засгийг тогтвортой өсгөх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлогыг Засгийн газар үргэлжлүүлнэ. Түүнчлэн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэх, татварын тэгш, шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн төсвийн орлогын бодлого хэрэгжүүлэх юм. Нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэх зорилт нь ирэх оны төсвийн онцлог байх бөгөөд хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг нь Засгийн газар хэрэгжүүлэх бодлогын чухал хэсэг" хэмээв. Засгийн газраас Монгол Улсын 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцжээ.



Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ашигт малтмалын тухай хуулийн АМНАТ-тэй холбоотой заалтыг ҮХЦ-ээс хүчингүй болгосныг тодотгоод, АМНАТ-өөс орох ёстой төсвийн алдагдлыг хэрхэн зохицуулж гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх талаар тодруулав. УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Засгийн газраас Төсвийн тухай хуулийн төслийг өргөн барихдаа 2020 онд АМНАТ-өөс нэг их наяд 294 тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт төвлөрүүлнэ гэж тооцсон байна билээ. Үүнээс 50 хувийг нь Ирээдүйн өв санд, 50 хувийг нь улсын төсөвт оруулах юм. Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны дэд баг хамтран шийдэл гарган Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна. Өнөөдөртөө хуулийн төслөө бэлдээд, маргааш нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталснаар, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах боломжтой хэмээн хариулав. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ҮХЦ-ийн 04 дүгээр тогтоолтой холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын баг яг одоо АМНАТ-ийн асуудлаар хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байгааг тэмдэглэв.


Мөн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, төсөвт тусгаснаар, Гааль, боомтын шинэчлэлийн хүрээнд ямар ажил төлөвлөснийг лавлав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, боомтуудыг шилэн кабелиар холбох, камержуулах, рентгэн аппараттай болгох, ашигт малтмалыг өрөмдөж сорьц тодорхойлдог төхөөрөмж суурилуулахаар төлөвлөсөн. Ингэснээр, боомтын чанарыг сайжруулах замаар татварын орлогоо сайжруулахын сацуу хууль бус үйлдэл гарахаас сэргийлэх чадавх нэмэгдэнэ гэдгийг тайлбарлалаа.



УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, 2017 онд баталсан нийгмийн даатгалын тухай хуулиар, малчны ажилласан нэг жилийг 1.5 жилээр нэмэгдүүлэхээр зохицуулсан гэдгийг дурдаад, үүнийг 2020 онд хэрэгжүүлэхдээ, ямар хэмжээний хөрөнгө гарна гэж тооцсоныг тодруулав. Мөн ахмадуудын тэтгэврийг нэмэхдээ, доод хэмжээг 420 мянган төгрөг болгох хийгээд нэмэхдээ,  их, бага тэтгэвэр авч буй хүмүүсийн хооронд хувь хэмжээг ялгавартай болгох талаар судалсан эсэхийг асуулаа. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, малчны ажилласан нэг жилийг 1.5 болгоход жилд 140 тэрбум төгрөг гарах тооцоо гарсан гэдгийг тодотгов. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, инфляцийн түвшинтэй уялдуулан тэтгэврийг 8 хувиар нэмэхээр санал гаргасан. Гэхдээ хэрхэн нэмэхийг төсөв батлагдсаны дараа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцдэг заншилтай. Өмнө нь Г.Тэмүүлэн гишүүний хэлсэн саналтай ижил, ялгавартай нэмсэн. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэнэ хэмээн хариуллаа.


УИХ-ын гишүүн, Төслийн ажлын багийн гишүүн Б.Баттөмөр, Монгол Улсын өрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг Сангийн сайдаас тодруулав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Өрийн асуудлыг шийдвэрлэхээр Сангийн яам эрчимтэй ажилаж, өрийн дунд хугацааны стратегийн баримт бичгийг саяхан УИХ-аар баталсан гэдгийг тэмдэглэв. Тэрбээр, “Засгийн газрын өрийг барагдуулахаар холбогдох гэрээ хэлэлцээр хийгдэж байна. Эдийн засагт хүндрэлгүй, төсөв, ханшинд нөлөөлөхгүй байхаар шийдэх боломжтой. Үүнийг Сангийн яам бүрэн шийдвэрлэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа” хэмээв. Мөн төсвийн төслийг боловсруулахдаа, “Цахим, үр ашигтай, ил тод” зарчимд тулгуурласныг онцлов. Тодруулбал, үр ашиггүй зардалгүй цахим төрийн үйлчилгээг бүрдүүлж, татварын мөнгөөр үр дүнтэй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр боловсруулжээ. Түүнчлэн, татвар төлөгчдийн мөнгийг оновчтой зүйлд зарцуулж байгаа эсэхийг олон нийтэд ил тод тавьж ажиллах зарчимд тулгуурлаж төслийг боловсруулсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэмдэглэлээ.  



Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хороодоос гарсан гишүүдийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураан шийдвэрлэв. Иймд энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ