Эрүүл мэндийн дэд сайд Увс аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-11-07 18:10:16

Увс /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 4-7-ны өдөр Увс аймагт ажиллаж байна.

Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Тэмбүүг устгая” аян тус аймагт өнгөрсөн 8-р сарын 1-ээс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд тус аяны үйл ажиллагаанд хяналт хийх, дэмжлэг үзүүлэх, удирдлагаар хангах зорилгоор ийнхүү Эрүүл мэндийн дэд сайд хүрэлцэн иржээ. Энэ хүрээнд тэрбээр аймаг болон сумдад сүрьеэ, тэмбүүгийн өвчлөлийн эсрэг хийж байгаа ажлуудтай танилцаж, зөвлөмж мэдээлэл өгөх уулзалтыг сумдын Засаг дарга нар, өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эмч нартай хийсэн байна.

Аймгийн ЭМГ-аас тус аяны хүрээнд эрсдэлт бүлгийн 5143 хүнийг тэмбүү, 5143 хүнийг ДОХ-ын шинжилгээнд хамруулж, 9 байгууллагын 707 хүнд “Тэмбүү өвчнөөс хэрхэн сэргийлэх” талаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулжээ. Мөн 19 байгууллагын сурталчилгааны самбар, хүлээлгийн танхим, өрөө, тасалгаанд  “Тэмбүүгээс урьдчилан сэргийлье” сэдэвт сурталчилгааны материал байрлуулсан байна.  

Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Наранбулаг суманд ажиллаж, үзүүлэх сургалт зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ