Багш, эмч нарт хүүхдийг хүчирхийллээс хамгаалах хууль, эрхзүйн мэдлэг олголоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-11-11 20:50:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг тус тус шинэчлэн баталж, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тууштай тэмцэх чиглэлээр нийгмийн салбар бүр хамтран ажиллаж байгаа ч хүүхэд хүчирхийлэл дарамтанд өртдөг асуудал төдийлөн буурахгүй байна.

Бүх шатны боловсролын байгууллагын багш, эмч, нийгмийн ажилтан нь хүүхдийн бэртэл гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалт, сургууль завсардалт зэрэг сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох үүрэгтэй ч тэдэнд хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийг илрүүлэх, мэдээлэх ёс зүйн хэм хэмжээг баримтлах, үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах зэрэг хууль, эрх зүйн мэдлэг хангалтгүй байна хэмээн үзэж байгаа юм.

Тиймээс аймгийн ГБХЗХГ-аас боловсролын байгууллагын багш, ажилчдад хүүхдийн эрхийн зөрчил болон гэр бүлийн хүчирхийллийг илрүүлж, гарч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд холбогдох хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Арвайхээр сумын ЕБ-ын таван сургуулийн багш болон ӨЭМТ-ийн эмч зэрэг 500 гаруй хүн хамрагдаж, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллах мэдлэг, мэдээллийг аваад байна.

 

Холбоотой мэдээ