БНХАУ, Грекийн төрийн тэргүүн нар Акрополис музейд зочилжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-11-13 10:07:57

АФИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин, түүний гэргий Пэн Лиюань нар Грекийн Ерөнхийлөгч Прокопис Павлопулос болон түүний гэргийн хамтаар мягмар гарагт Акрополис музейд зочилсон байна.


"Эртний Грекийн уран барилгууд, уран баримлууд нь Өрнөдийн соёл иргэншлийн үнэт төлөөлөл юм" гэж Си Жиньпин хэлжээ. Манай хоёр улс соёлын агуу өвийг хадгалж буйн хувьд түүх болон соёлын үнэт өвүүдийг хадгалах, сэргээх чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй гэж тэрбээр нэмж хэлжээ.


Грекийн Ерөнхийлөгч үүний хариуд хэлэхдээ, Си Жиньпиний айлчлал Грек-Хятадын харилцааны шинэ эринийг нээлээ хэмээгээд, хоёр өдрийн хугацаанд Хятадын даргатай гүн гүнзгий, найрсаг харилцан яриа өрнүүлснээ онцолжээ. Мөн тэрбээр, энх тайван, сайн сайхан ирээдүйг цогцлоохын төлөө Грек, Хятадын харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалсан байна.


Энэхүү айлчлалын хугацаанд Си Жиньпин, Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис нар уулзаж, хоёр орны стратегийн иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх талаарх хамтарсан мэдэгдлийг гаргасан байна. БНХАУ-ын даргын Европ, Латин Америкт хийх айлчлал Грекээс эхэлсэн нь энэ бөгөөд тэрбээр лхагва, пүрэв гарагт Бразилд болох “БРИКС”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. 

Холбоотой мэдээ