Тэмээний үүлдэр угсааг сайжруулах, тэмээчдийн баяр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-11-13 15:05:42

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймагт энэ сарын 16-ны өдөр Завханмандал сумын Мандал багийн нутаг Харганат хоолойд Тэмээний баяр болно.

Энэхүү баярыг УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн дэмжлэг, санаачилгаар малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох ажлын хүрээнд Завхан аймгийн говийн бүс дэх сумдын тэмээн сүргийн үүлдэр, омог, тоо хэмжээ, чанар хүрэлцээг сайжруулах зорилготой зохион байгуулж байгаа аж. Энэ үеэр монгол үүлдрийн тэмээний чанарыг сайжруулсан бие даасан үүлдэр, омог хэмээн эрх бүхий мэргэжлийн байгууллага тодорхойлж баталгаажуулсан “Галбын говийн улаан”, "Ханын хэцийн хүрэн” гэсэн хоёр омгийн гурваас дөрвөн насны 12 буурыг Алдархаан, Дөрвөлжин, Завханмандал, Ургамал, Сантмаргаз, Эрдэнэхайрхан сумын малчдад бэлэглэх юм байна.

Мөн тэмээний ашиг шимээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, тэмээний эдлэл хэрэглэл, ачлага уналгын тоноглол, хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж шилдгүүдийг тодруулж урамшуулах ажээ. Түүнчлэн тэмээний уралдаан болж тэмээний ерөөл магтаал, ботго авахуулах ёслолын зан үйлийг үзүүлж сайхан хэрэгсэлтэй тэмээ бүхий хосыг шалгаруулах зэрэг урлаг соёлын үйл ажиллагаа болох юм байна.

Ташрамд дуулгахад, Завхан аймаг 2018 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр нийт 7.8 мянган тэмээг тоолуулжээ. Үүнээс Дөрвөлжин сум 2.2 мянган тэмээгээр тэргүүлсэн байна. Сүргийн бүтцийн хувьд нийт мал сүргийн дотор тэмээ 0.2 хувийг эзэлж байна. Харин энэ онд нийт ингэний 46.4 хувь нь төллөжээ.  

 Тэмээг тусад нь ялгаж үржүүлэх нь чухал


Монголчууд малын соёлоо ихэд дээдэлдэг нандин ёс заншилтай ард түмэн билээ.

Залуучууд улс орны хөгжил дэвшилд нийцэх замаар төв суурин бараадаж ажил, сургууль, соёлын мөр хөөх болсныг буруутгах аргагүй ч нүүдлийн соёл иргэншил, үндэсний үнэт зүйлс болсон малын соёлоо мартаж үл болно. Тиймээс энэхүү үйл ажиллагаа залуу хойч үедээ мэдээлэл өгөх, малын соёлын талаарх маш их зүйлийг өгнө байх. Залуу малчид, ялангуяа тэмээ маллаж байгаа малчдад том урам, дэмжлэг болсон сайхан баяр болох байх. Ер нь Монгол Улсын эдийн засгийн үндэс суурь нь болсон бэлчээрийн мал аж ахуй бол олон мянган жилийн туршид байгаль, цаг агаарын хатуу ширүүн шалгарлаар жилийн дөрвөн улиралтай энэ нутагт идээшиж, дасан зохицсон монгол хүний нүүдлийн соёл иргэншилд тохирсон, тал бүрийн өндөр ашиг шимтэй манай улсын үндэсний үнэт баялаг юм.

Элсэн говийн хүлэг буюу хоёр бөхт тэмээний удам угшил ч их. Тухайлбал Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн (Өмнөговь аймаг), Ламын гэгээний жаахан шар/улаан (Баянхонгор аймаг)Дөхөм тунгалгийн хос зогдорт (Говь-Алтай аймаг) зэрэг тэмээний угшлууд бий.

Манай аймгийн тухайд Завхан, Хүнгүйн шилмэл тэмээ гэж нэрлэдэг тэмээ бий. Тэмээ жил өнжиж ботголдог тул бусад малаас өсөлт удаан байдаг бөгөөд маллагаа дутагдвал төл бүр мал болох магадлал багатай учир хариулга, арчилгааг ихээхэн шаарддаг онцлогтой. Тиймээс тэмээ хариулдаг малчин бол маш их хөдөлмөрлөж байж тэмээн сүрэгтэй болдог юм. Ийм учраас энэхүү баярыг тэмээний тоо толгойг өсгөх, үүлдэр угсааг нь сайжруулж үр шимийг нь хүртэх, уналга эдэлгээнд сургаж ашиглах, уламжлалт өв соёлыг сэргээж хойч үедээ өвлүүлэн таниулах, түгээн дэлгэрүүлэх, тэмээ өсгөх малчдын урам зоригийг сэргээх зорилгоор зохион байгуулж байгаа тухай дууллаа. Аймагтаа миний бие 1997 онд тэмээчдийн зөвлөгөөн гэж томоохон үйл ажиллагааг зохион байгуулж байсан. Түүнээс хойш тэмээчдийн томоохон баяр болоогүй санагдана. Жил бүр нутгийн шилдэг омог, цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн сайжруулсан үүлдрийн малын тооллого хийдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд тэмээг ялгаж тоолж ирүүлдэггүй болсон байна. Уг нь тусад нь ялгаж үржүүлэх нь их чухал юм хэмээн Монгол Улсын гавьяат зоотехникч Л.Лхасүрэн ярилаа. 

Холбоотой мэдээ