Б.Шарав агсны бүтээлийг уран зургаар илэрхийлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 13-ны өдөр бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбасүрэнгийн Шарав агсны төрсөн өдөр юм. Нэрт хөгжмийн зохиолчийн төрсөн өдрийн нэгэн бэлэг болгож залуу зураач Т.Хулан түүний сонгодог бүтээлээс сонгож уран зураг зуржээ. Энэ бүтээлээрээ энэ сарын 23-нд "Бодлын илгээмж-Б.Шарав" үзэсгэлэн нээхээр болсон байна.
Б.Шарав агсны ард түмний зүрх сэтгэлд хоногшсон, үндэсний хийгээд дэлхийн сонгодог хөгжмийн санд зүй ёсоор багтсан бүтээлүүдийг уран зураг болгон сэтгэх нь амар биш. "Сэтгэлийн эгшиг"-ээс эхлээд хүмүүний зүрхийг баясган дуурьсгасан аялгуунууд уран зурагтай яаж зохицон ууссаныг уг үзэсгэлэнд харуулахыг зорьжээ.
Мөн энэ сарын 25-нд Үндэсний урлагийн их театрын найрал хөгжмийн хамт олон Б.Шаравын "Сэрсэн тал" бүтээлийн 35 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт хийнэ.