Хэнтий аймгийн Иргэний нийгмийн байгууллагууд чуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-13 17:35:18
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудын форум өнөөдөр Чингис цамхагт эхэллээ.

Форумд 15 сумын бизнес эрхлэгчид, аймгийн “Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ” ТББ-ын 60 гаруй төлөөлөл, ХЭННЭС ТББ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Дэлхийн зөн ОУБ-ын Бор-Өндөр-2 ОНХ зэрэг нийтдээ 80 шахам хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож, тулгамдаж буй асуудал, түүний шийдэл, сайн туршлага, амжилтын түүхээ хуваалцаж байна.

Тус форумд аймгийн Засаг дарга Н.Ганбямба оролцож, иргэний нийгмийн байгууллагууд бол тухайн улс оронд ардчилал, хүний эрхийг бэхжүүлэгч гол хүчин зүйл болдог. Тиймээс иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлж, төр-иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр гарсан санал, санаачилгыг дэмжиж ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

ИНБ-уудын Сүлжээний төлөөллүүдэд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн Засаглал хариуцсан ахлах зөвлөх Ч.Оюун-Эрдэнэ, ДЗМОУБ-ын Бор-Өндөр-2 ОНХ-ийн хөгжлийн чиглүүлэгч Г.Батчимэг нар танилцуулга хийж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Тэд тулгамдаж буй асуудлынхаа талаар хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж боловсруулан мөрдөн ажиллахын зэрэгцээ, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх сургалт явуулна гэдгийг аймгийн ИНБ-уудын Сүлжээний тэргүүн Ч.Хос-Эрдэнэ мэдэгдлээ.

Форумын эхэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”-ээр ДЗМОУБ-ын Бор-Өндөр-2 ОНХ-ийн ажилтан Ц.Онончимэгийг, МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” медалиар Ц.Үүрцайх нарыг шагналаа.
Холбоотой мэдээ