Сэлэнгэ аймагт цардуулын үйлдвэр байгуулах бэлтгэл ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-14 16:47:24

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийнхаа ногоочдын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг түшиглэн, аймагтаа цардуулын үйлдвэр барьж байгуулах саналаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд биечлэн танилцуулсан байна. Түүний энэхүү саналыг Монгол Улсын Ерөнхий сайд талархан хүлээн авч, үйлдвэр барьж байгуулах зураг төсөв, хөрөнгө санхүүгийн тооцоогоо хийгээд ир хэмээн нааштай хариу өгчээ.

Сэлэнгэ аймаг хаягдал төмсөө ашиглан дахин боловсруулалт хийх замаар цардуулын үйлдвэр байгуулахаар зураг төсвийг нь хийх бэлтгэл ажлаа эхлүүллээ. Тус аймагт барьж байгуулах эл цардуулын үйлдвэр нь Монгол Улсын хэмжээний томоохон үйлдвэр болох учраас өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа болох юм.

Сэлэнгийн ногоочид улсын хэрэгцээт төмс, хүнсний ногооны 40 хүртэл хувийг дангаараа хангадаг. Энэхүү боломжоо ашиглаад Монгол Улсын хэмжээний томоохон цардуулын үйлдвэрийг Сэлэнгэ аймагтаа барьж байгуулах зорилт тавиад байгаа юм.

Энэ асуудлаар аймгийн Засаг дарга Ш.Оргил: ”Цардуулын үйлдвэр барьж байгуулах асуудлаар би ногоочид, тариаланчидтай уулзаж, санал бодлыг нь сонсож, зөвлөлдсөн. Одоо зураг төсвийн ажлыг хэрхэн хийх судалгааг олж, гарга гэсэн үүргийг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаад өглөө. Бидний зүгээс үйлдвэрийн зураг төсвийг хийх хөрөнгөө 2020 оны төсөвтөө суулгасан” хэмээн ярилаа.

Сэлэнгэ аймагт 6000 гаруй ногоочин төмс, хүнсний ногоо тариалж, өрхийн аж ахуй эрхэлж байсан цаг саяхан. Гэтэл төмс, хүнсний ногооны борлуулалт, хадгалалт, тээвэрлэлт гээд тэдэнд тохиолддог тулгамдсан олон хүчин зүйлийн өмнө сөгдөж, хөлсөө дуслуулан байж тарьж, ургуулсан ногоогоо хөсөр хаяж, хөдөлмөрөө үнэгүйдүүлдэг байдлаас шалтгаалан ногоочдын тоо жил ирэх тутам буурсаар өнөөдрийн байдлаар 3000 хүрэхгүй иргэд хүнсний ногоо тариалж, амьдрал ахуйгаа авч явж байна.

Ийм учраас энэхүү үнэгүйдсэн хөдөлмөрийг тэглэж, хаягдал төмсөө ашиглан цардуулын үйлдвэр байгуулснаар хаягдал төмсөө үйлдвэртээ нийлүүлж, үүнийгээ няцлаад цардуул гаргахаас гадна хаягдал хальсаа ашиглаад бордоо үйлдвэрлэх боломж бүрдэх гэнэ. Манай улс жилдээ 2000 тонн цардуулыг гаднаас импортоор оруулж ирдэг ажээ. Энэхүү үйлдвэрийг барьж ашиглалтад оруулснаар гаднаас авах цардуулаа дотооддоо үйлдвэрлээд зогсохгүй гадагшаа ч гаргах боломж бүрдэх гэнэ.

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Элит үр” компани олон төрлийн сортын шинэ төмсийг нутагшуулан, шинжлэх ухааны үндэслэлтэй тарьж ургуулдаг. Эл компанийг түшиглэсэн чипсний үйлдвэр ч Сэлэнгэ аймагт бий. Зөвхөн төмсний үйлдвэрлэлээ дэмжээд ажиллах юм бол Сэлэнгэ аймагт төдийгүй Монгол Улсын хэмжээний үр өгөөжтэй үйлдвэрүүд барин, ажлын байр нэмэгдэж, иргэдийн орлого ч дээшлэх боломж гарч байгаа юм.

Манай улс жилдээ 150-160 тонн төмс тариалдаг бөгөөд үүний 20-30 хувь нь байгалийн болоод хадгалалтын нөхцөл байдлаас шалтгаалан хаягдал болдог ажээ. Энэхүү хаягдлаа эргүүлэн ашиглах ямар нэгэн боловсруулах үйлдвэр манай улсад байдаггүйн улмаас мөнгө болох асар их түүхий эдээ, цаашлаад ногоочдынхоо хөлсөө шингээн байж ургуулсан төмсийг ийн үнэгүйдүүлдэг харамсалтай явдал байсаар байгаа юм. Иймээс энэ байдлыг олж харсан аймгийн удирдлагууд ногоочдоо түшиглэн энэхүү үйлдвэрийг барьж байгуулахаар сэтгэл шулуудаад байгаа аж  

 

Холбоотой мэдээ