Охидын хүчирхийлэлд цэг тавихсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-11-14 17:13:18
Өнгөрсөн 10 сарын 10-нд Увс аймагт болсон "Охидоо хамтдаа хамгаалъя" зөвлөлгөөний үеэр


Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй охидын бэлгийн хүчирхийлэл Монгол Улсын хэмжээнд газар авсан тухай мэдээлэл олны анхаарлыг ихээхэн татаж байна. Тодруулбал, 2017 онд улсын хэмжээнд 0-7 насны 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх сэтгэл сэртхийлгэм баримт байна. Мөн 2018 онд хүчиндэх гэмт хэрэг 519 бүртгэгдсэн бол үүний 230 нь буюу 44.9 хувь нь хүүхэд хохирогч болжээ. Ер нь бол энэ төрлийн гэмт хэрэг хот, хөдөөгүй л газар авсан байна. Увс аймагт ч гэсэн аюулын харанга дэлдсээр байгаа. Тус аймагт охидын бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 2018 онд 22, 2019 оны эхний гурван улирлын байдлаар 13 гарсан дүн мэдээ байна. Тэрчлэн энэ оны эхний 9 сарын байдлаар Увс аймагт өсвөр насны охидын жирэмслэлт 28 бүртгэгдэж, үүнээс 18 нь хүүхэд төрүүлжээ. Ингэхэд 14-18 насны балчирхан охид маань хүүхэд төрүүлж байна гээд бод доо. Тэд чинь өөрсдөө хүүхэд биз дээ. Эдгээр тоо баримтыг аймгийн эрүүл мэнд, цагдаагийн байгууллагаас гаргасан байдаг. Гэтэл эд нарт мэдэгдэхгүйгээр далд хэлбэрт хэчнээн охид хүчирхийлэлд өртөж, тэр нь нуун дарагдаж, нус нулимстайгаа хутгалдаж, айдас хүйдэстэй амьдарч байгааг бид таашгүй.

Яагаад балчирхан охин үрс маань бэлгийн хүчирхийлэлд өртөөд байна вэ, хэн тэднийг хүчирхийлээд байна, ямар ял шийтгэл оноов гэдгийг судалж сураглаад үзэхээр үнэнхүү эмгэнэлтэй хариулт гарна. Өөрийгөө хамгаалах чадваргүй арваадхан настай бяцхан охидыг маань төрсөн эцэг, ах, хойд эцэг, хүргэн ах нь гэх мэт дандаа ойрын төрөл, хамаатнууд нь хүчирхийлдэг байна. Мэдээж хэрэг танихгүй, садан төрлийн бус хүмүүсийн үйлдсэн энэ төрлийн гэмт хэрэг хамгийн хурдан илэрч, бас ял шийтгэл нь шуурхай шийдэгддэг аж.

Гэтэл ойр тойрны хүмүүсийн үйлдсэн энэ төрлийн хэрэг удааширч дарагдах, хохирогч охид мэдүүлгээсээ буцах гэх мэтээр гэмт этгээдэд ял завших боломж олгодог байна. Хамгийн хачирхалтай нь бяцхан охидыг хайрлан хамгаалах ёстой хүмүүс нь өөрсдөө хүчирхийллийг үйлдээд байгаа гэхээр үнэхээр харамсалтай, сэтгэл өмөрмөөр. Төрсөн эцэг нь охиноо, төрсөн ах нь дүүгээ бэлгийн хүчирхийлэлд оруулна гэхээр эмэгтэйчүүд, ээжүүд бид хэндээ итгэх юм бэ? Балчирхан охидоо хаанаа хадгалах юм бэ? Азарга хүртэл үр төлөө гишгэдэггүй, ижлээсээ хазаад хөөдгийг монгол хүн бүр мэднэ. Гэтэл хүн байтлаа малаас дор үйл хийгээд байгаа тэднийг одоо яалтай билээ.  

Монгол төр оршин тогтнохын нэг үндэс нь айдас хүйдэсгүй, амар тайван орчинд өсч торнисон охид, хөвгүүд байх болно. Тэдэнд маань сэтгэл санааны болоод бие махбодын, бэлгийн ямар ч хүчирхийлэл байх ёсгүй. Өөрөөр хэлбэл, ирээдүйн эхчүүд маань насанд хүрсэн хойноо өөрийн сонголтоор эр хүнтэй учрах тийм л хүмүүжлээр бид охидоо сургаж, бас тийм байх орчин нөхцөлийг хангаж өгөх ёстой. Ер нь бол гэр бүлийн орчинд эцэг, эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулмаар байна. Эцэг эх нь хүүхдүүдээсээ хол ажил, хөдөлмөр эрхэлж амьдардаг бол асран хамгаалагч нар нь анхаармаар байна. Бэлгийн бойжилтоо олоогүй буюу 14 насанд хүрээгүй хүүхдүүд бэлгийн халдашгүй эрх гэж юу болохыг мэдэхгүй шүү дээ. Тэрчлэн аймаг, сумын төвд айлд болон дотуур байранд амьдардаг хөдөөний малчин айлын охидуудад тавих ойр тойрны хүмүүсийн хараа хяналтыг сайжруулахсан.

Ер нь бол охидууд бэлгийн хүчирхийлэлд өртөхөд олон зүйл шалтгаалж байгаа нь үнэн. Тухайлбал, гэр бүлийн нөхцөл байдал, амьдрах орчин, сургууль завсардалт, цахим орчин гээд тоочвол энд өчнөөн урт жагсаалт бичигдэнэ. Хамгийн гол нь тэдгээр шалтгаан нөхцөлөөс болж балчирхан охид маань хүчирхийлэлд өртөж хохирох эрсдэлийг томчууд бид хааж өгөх ёстой.   

Уг нь бол өсвөр насны хүүхдүүдэд буюу 13-18 насныханд зориулан Үндэсний хэмжээнд боловсруулсан Аюулгүйн дүрэм гэж байдаг. Энэ дүрэмд замын хөдөлгөөнд болгоомжтой оролц, оройн цагаар ганцаараа битгий яв, сайн танихгүй хүнтэй битгий хамт яв, хувийн мэдээллээ битгий өг, амралт, зугаалгаар явахдаа аюулгүй байдлаа ханга, архи, тамхи, мансууруулах бодис зэрэг мэдэхгүй зүйлээ битгий хэрэглэ, муу найзуудаас холд, уулзахаа боль, үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлтээс өөрийгөө хамгаал, аюултай нөхцөлд орвол тусламж дууд, аав ээжээсээ нуух нууц гэж байхгүй гэх мэтийг заасан байдаг. Харамсалтай нь ийм дүрэм байдгийг охид хөвгүүдийн маань ихэнх нь мэддэггүй. Тэр бүү хэл эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нар ч гэсэн сайн мэддэггүй тул тэдэнд хэлж анхааруулдаггүй. Иймээс цаашдаа Аюулгүйн дүрмийг хүүхэд бүр мөрддөг болмоор байна. Тэрчлэн Монгол Улсын иргэн бүр Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг мөрддөг, түүнийг дагаж хэрэгжүүлдэг байж гэмээн улс оронд маань амар тайван байдал ноёлох юм.

Эх орны минь ирээдүй болсон цэцэг цэврүү шиг охин үрс маань айдас хүйдэсгүй, амар тайван, аюулгүй орчинд аж төрөх болтугай.

 

Холбоотой мэдээ