Ховдод арьс ширний чанар сайжруулах технологи нэвтрүүлэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-15 11:28:50

Ховд /МОНЦАМЭ/. НҮБ-ын Аж үйлдвэрийг хөгжүүлэх байгууллагын мэргэжилтэн Ралф Абрайз, Монголын Арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны зөвлөх Иан Лийч нар Ховд аймагт ажиллав.

Тэд энэ сарын 13-ны өдөр аймгийн удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ. Энэ үеэр мал нядлах ажилд арьс ширийг нь гэмтээхгүй хуулах, гар аргаар нядалсан малын арьс ширийг хадгалах аргачлал, зах зээлд нийлүүлэх боломжуудын талаар харилцан санал солилцжээ.

Энэ үеэр арьс ширний чанар сайжруулах технологийг Ховд аймагт нэвтрүүлж, турших үүднээс эхний ээлжинд нэг сум сонгон “Мал нядалгааны газар” байгуулах замаар хамтран ажиллах тухай ярилцсан гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.  

Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага өмнө нь хонины ноосыг машинаар хяргах, ангилан ялгах, боох /пресслэх/, үйлдвэрт нийлүүлэх, зардал өгөөжийг тооцох практикийг Ховд аймагт нэвтрүүлэх үүднээс "Хонины ноосны бэлтгэлийн чанарыг сайжруулах нь" олон улсын сургалт зохион байгуулсан. Тэгвэл энэ удаа “Арьс ширний чанар сайжруулах технологи” нэвтрүүлэх сургалтыг тус аймагт зохион байгуулж, тусгай төхөөрөмж ашиглан арьсыг гэмтээхгүй хуулах аргачлалыг танилцуулжээ.

Тусгай төхөөрөмжөөр хуулсан арьс шир нь чанартай бөгөөд зах зээлд өндөр үнээр борлуулах, эцсийн бүтээгдэхүүн болгон ашиглах боломж өргөжинө гэж албаныхан хэлэв.  


Холбоотой мэдээ