БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-11-15 12:50:07

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ, Японы тагнуулын мэдээлэл солилцох гэрээний хугацаа удахгүй дуусгавар болох гэж буй энэ үед хоёр орны төлөөлөгчид ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдээлжээ.


БНСУ-ын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн асуудал хариуцсан газрын дарга Ким Жун Хан болон Японы Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн асуудал хариуцсан газрын дарга Шигэки Такизаки нар баасан гарагт уулзах ажээ. Талууд сүүлд өнгөрсөн 10 дугаар сарын 16-нд Сөүл хотод уулзсан юм.


Японтой тагнуулын мэдээлэл солилцох гэрээгээ дуусгавар болгох шийдвэрээ БНСУ өөрчлөөгүй тохиолдолд уг гэрээний хугацаа 11 дүгээр сарын 23-нд дуусна. Өмнө нь Вашингтоны засаг захиргаа цэргийн гэрээний талаарх шийдвэрээ дахин тунгаан бодохыг Сөүлээс хүссэн юм.


Өнгөрсөн онд БНСУ-ын Дээд шүүх дайны үеийн нөхөн төлбөр олгохыг Японы фирмүүдээс шаардаж, өнгөрсөн долдугаар сард Япон зарим материалын экспортыг хязгаарласантай холбоотойгоор хоёр талын харилцаа хурцадсан бөгөөд БНСУ тагнуулын мэдээлэл солилцох гэрээгээ сунгахгүй байх шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард гаргажээ.


Японыг экспортын хязгаарлалтаа цуцалсан тохиолдолд гэрээний талаарх шийдвэрээ дахин тунгаан бодох байр суурийг Сөүлийн засаг захиргаа баримталж байна. Японы засаг захиргааны хувьд дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг 1965 онд байгуулсан хоёр талын хэлэлцээрээр шийдвэрлэсэн хэмээн үздэг юм.

Холбоотой мэдээ