БНЭУ-ын парламентын Доод танхимын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-15 15:06:14

УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан энэ сарын 18-22-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ.

Түүнчлэн Улаанбаатар хотноо энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулах Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын зарим арга хэмжээнд оролцох юм. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболдтой албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бараалхах юм.

Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга З.Энхболд, Энэтхэг Улсын парламентын Доод танхимын дарга хатагтай Сумитра Махажан нар Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийнхэнд товч ярилцлага өгнө. Парламентын дарга нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвд хандивласан зайн туяа эмчилгээний “Bhabhatron II” аппарат, туяа эмчилгээний төлөвлөлтийн симулятор аппаратыг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлтийн ёслолд оролцох аж.

Айлчлалын үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ануул Мишра нар УИХ-ын Тамгын газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим (Лок Сабха)-ын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурах юм.

Б.Туул

Холбоотой мэдээ