Беларусийн сөрөг хүчний төлөөлөгчид парламентад сонгогдсонгүй

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-11-18 12:19:31

МИНСК. /TASS/. Беларусийн сөрөг хүчний төлөөлөгчид парламентын Төлөөлөгчдийн танхимын бүрэлдэхүүнд орж чадсангүй.


Беларусийн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр, парламентын доод танхимд Беларусийн эх орончдын нам, Хөдөлмөр ба шударга ёсны Бүгд найрамдах нам болон сөрөг хүчинд тооцогддоггүй Либерал ардчилсан намаас нэр дэвшигчид сонгогджээ. Шинэ парламентад мөн тус улсын одоогийн эрх баригчдын бодлогыг дэмждэг "Белая Русь" олон нийтийн нийгэмлэгийн төлөөлөгчид сонгогдсон байна.


Беларусийн парламентын доод танхимын сонгууль ням гарагт болсон бөгөөд 110 суудлын төлөө 513 нэр дэвшигч өрсөлджээ. Сонгуулийн ирц 77.2 хувьтай гарсан нь 2016 оны сонгуулийнхаас 3 хувиар өссөн үзүүлэлт аж.


Холбоотой мэдээ