Ази тивийн залуу боксчдын чансааг Улаанбаатарт шалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-18 13:31:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Буянт-Ухаа спортын ордонд Ази тивийн залуучуудын 2019 оны боксын аварга шалгаруулах тэмцээнийг 11 дүгээр сарын 11-17-нд зохион байгуулж Азийн ирээдүй болсон шилдэг тамирчдын чансаа, өнгийг тодорхойлов.


Энэхүү тивийн хэмжээний тэмцээнийг Монголын боксын холбоо эх орондоо амжилттай зохион байгуулсан бөгөөд олон улсын А зэрэглэлийн боксын тэмцээний бүхий л шаардлагыг хангасан байв. Энэхүү тэмцээн нь “Токио 2020” зуны XXXII олимпын наадмаас 8 сар гаруйн өмнө болж байгаагаараа манай боксчдод бэлтгэлээ чамбайруулах дохио санамж болов.


Монголын залуучуудын шигшээ багийн тамирчдаас энэ удаагийн тэмцээнд 16 тамирчин хүчээ сорьсноос эрэгтэй 2, эмэгтэй 6 боксчин хүрэл медаль хүртсэн нь зохион байгуулагч орны хувьд хангалтгүй байв. Эх орондоо болсон тус тэмцээнээс ядаж ганц аварга төрсөнгүй гэх харуусал байсныг нуух юун. Тивийн 2019 оны аваргын мөнгөн медалийн төлөөх тулаанд Монголын боксчдоос 3:2-оор өрсөлдөгчдөө ялагдсан хэд хэдэн тохиолдол гарсан. Үүнийг шүүгчийн дэнсэлсэн шүүлттэй холбож гомдоллох нь илүүц биз ээ.


Боксын спортод илэрхий давуу байдалтай ялна гэдэг хамгийн шилдгийн шилдэг ялалт байдаг гэдгийг манай залуу тамирчид, багш дасгалжуулагчид эрхэм зорилтоо болгох нь амжилтын эх үндэс юм. Өнөөдрийн ялагдал, маргаашийн амжилтын эхлэл болдог гэдгийг бид санаж, тэсвэр, тэвчээрийн болон хурд, хүчний дасгалыг илүү сайжруулж, хүчээ шингээсэн оновчтой болон угсраа цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авахын төлөө бие, сэтгэлээ зориулж бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулахыг энэ удаагийн тэмцээн хатуу санууллаа.


Энэ тэмцээнд оролцсон залуу боксчид 2024 оны зуны олимпын Монголын нүүр царай болж, амжилтын буухиаг түүчээлэх тамирчид билээ.


Азийн боксчдын ур чадвар, тоглолтын тактик, чансаа, сургалт, дасгалжуулалтын хөгжлийн чиг хандлага ямар байгааг энэ удаагийн Азийн залуу боксчдын тулаан тод харууллаа. Эндээс багш, дасгалжуулагчид судалж, дүгнэж цаашдын бэлтгэл сургуулилтад авч хэрэгжүүлэх туршлага, анхаарч үзэх, санаж сэдэх боломжуудыг олж харсан болов уу. Тухайлбал, Казахстан, Узбекистаны тамирчид тэсвэр тэвчээр, биеийн хүчний хувьд илүү сайн байхад Тайландын боксчид илүү дайчин, тактикийн хувьд маш оновчтой байгаа нь харагдав.


Монголын эрэгтэй тамирчдаас 2 хүрэл медальтан төрсөн бөгөөд 56 кг-д Азийн залуучуудын АШТ-ий хүрэл медаль хүртсэн Т.Энхтөртэй уулзаж сэтгэгдлийг авсан юм.


-Юуны өмнө хүрэл медалийн эзэн болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Баярлалаа. Эх орондоо болсон Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьж хүрэл медаль хүртсэндээ баяртай байна.

-Өмнө нь эх орондоо ямар амжилт үзүүлж байв, цаашдын зорилтын талаар юу хэлэх бол?

-Өсвөрийн УАШТ-ий 2 алт, Залуучуудын УАШТ-ий 3 алт, Насанд хүрэгчдийн УАШТ-ий 3 хүрэл медальтай. Цаашдаа олимп, дэлхий, тив, олон улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс олон олон медаль хүртэж, шилдэг тамирчин болохын төлөө бүхнээ зориулна даа.

-Багш нараа танилцуулна уу?

-Би Баянхонгор аймгийн "Соого сеиоёо" ЕБС /Япон сургууль/-ийн 12 дугаар ангид сурдаг. Миний анхны багш Баянхонгор аймгийн “Бүргэд” боксын клубийн дасгалжуулагч Б.Оюунболд гэж байгаа. Би боксын спортоор 6 жил хичээллэж байна. Энэ тэмцээнд Б.Оюунболд багш болон Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү нар дасгалжуулсан.

-Хагас шигшээд Казахстаны тамирчинтай хийсэн тоглолтын талаар сэтгэгдлээ хэлнэ үү?

-Би хагас шигшээд Казахтаны тамирчинтай тоглоод өөрийгөө ялчихлаа гэж л мэдэрсэн, харин шүүгч өрсөлдөгчид ялалтыг өгсөнд гайхсан. Энэ ялагдал намайг илүү хурцалж өгнө гэдэгт итгэлтэй байна.   


Эрэгтэйчүүдийн 56 кг-д түрүүлсэн Казахстаны тамирчин Б.Зексэн /B.Zhexen/ алтан медалийн эзэн болоод байх мөчид нь уулзсан юм.


-Ази тивийн залуучуудын аварга болсонд баяр хүргэе. Өрсөлдөгчдийнхөө талаар юу хэлэх вэ?

-Баярлалаа. Бүх өрсөлдөгчид л хүчтэй, хурдтай сайн байлаа. Би боксын спортоор 8 жил хичээллэж байгаа. Олон улсын тэмцээнд цөөнгүй удаа амжилттай оролцож байлаа. Азийн залуучуудын хошой аварга болсондоо тун баяртай байна.


Улаанбаатар хотноо болсон энэ тэмцээнд сонирхогчдын боксоор тивдээ болон дэлхийд хүчтэй гэгддэг Казахстан, Узбекистан, Тайланд, Энэтхэг, БНСУ, Япон, Киргиз, БНХАУ, Филиппин зэрэг орон тамирчдаа сойсон юм. Эндээс тэдний боксын школ, ур чадвар, техник тактик, арга барилыг харж үнэлэлт, дүгнэлт өгөх, туршлага хуримтлуулах боломжийг Монголын боксынхонд нэг дор олгосон гэдгээрээ онцлогтой юм.


“Токио-2020” зуны олимпын наадмын эрхийн төлөө 2020 он гараад тулалдах Монголын шигшээ багийн тамирчдад ч эергээр нөлөөлнө. Мөн Монголын шүүгчид болон багш нарт тивийнхээ мэргэжил нэгтнүүдтэй эх орондоо уулзаж, санал бодлоо солилцох сайхан боломжийг олгосон төдийгүй Монголын боксын холбооны нэр хүндийг өргөж, хамтын нөхөрлөл, харилцааг өргөжүүлэн хөгжүүлсэн тэмцээн гэдгээрээ чухал ач холбогдолтой байсан юм.













Холбоотой мэдээ