Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-18 15:07:15

Хэнтий /МОНЦАМЭ/ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Хэнтий аймгийн салбар зөвлөлийн даргаар саяхан сонгогдсон Г.Хэрлэнчулуун аймгийнхаа охид, эмэгтэйчүүдэд зориулсан хөгжлийн төвтэй болох талаар мэдэгдлээ. 


Байрны асуудлыг энэ 11 дүгээр сард багтаан шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд ингэснээр Хэнтий аймгийн бүх насны охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд эхчүүдэд нээлттэй "Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв" шинэ оноос үүд хаалгаа нээн идэвхтэй ажиллаж эхлэх юм.


Шинэчлэн зохион байгуулсан тус салбар зөвлөлийн тэргүүлэгчдийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр болж, зөвлөлийн дарга Г.Хэрлэнчулуун өнгөрөгч 10 дугаар сарын 25-нд болсон МЭХ-ны Хэнтий аймгийн салбар зөвлөлийн ээлжит чуулганы үеэр эмэгтэйчүүдээс гарсан саналыг нэгтгэн танилцуулж, цаашдын бодлого төлөвлөгөөндөө тусгаж ажиллахыг үүрэг болголоо. Мөн тэргүүлэгчдийн ажил үүргийн хуваарийг тодорхой болгож, тэднийг баг болгон хувааж улирал бүр Хэнтий аймгийн эмэгтэйчүүд рүү чиглэсэн томоохон ажлуудыг зохион байгуулж байхаар болов. Түүнчлэн тэргүүлэгчдийн танилцуулга видео бэлтгэн олон нийтэд хүргэх, сургагч багш бэлтгэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Өнөөдрийн хуралд нийт 13 тэргүүлэгч оролцохоос найман тэргүүлэгч оролцож, хэлэлцэх асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ