Уран Мижирийн “Уургач” баримал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-11-18 18:15:32

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төвд байдаг нэгэн баримлын тухай аймгийн музейн ажилтан Ж.Ганбатаас тодруулсан юм.

Хараад байгууштай, бахархал төрүүлэм гайхамшигтай уран бүтээл хэнийх болох, тодруулах зүйлт, тайлбар алга байна. Уургын морь, уургач, уургалуулсан эмнэг хангал гурвын агшин төдий хурц хөдөлгөөнийг нарийн урласан энэхүү бүтээлийг харсан хэн бүхэн шагшин магтдаг. Тэнгэрийн салхинаас өөр юу ч нуруун дээрээ гаргаагүй эмнэг хангалыг тогтоон уургалсан уургач эрийн дөрөө жийлт, уурга барьсан адуучин эрийн гарын шууны булчин, оч гэрэлтсэн нуур царай, хөлс дааварласан дүр төрхийг илтгэсэн энэ хөшөө жинхэнэ уургач эрийг харуулна гэж музейн ажилтан Ж.Ганбат хэллээ. Харамсалтай нь энэ бүтээл өдгөө зарим хэсэг нь эвдэрч, шинэ цагийн бүтээн байгуулалтын халхавчийн ард байна. Гэлээ ч зунжингаа хүүхэд унаж тоглон ноолсон хэсэг өнгөтэй байдаг юм.

Монгол адуучин эрийн эр зориг, авхаалж самбаа, цог хийморийг түүхэнд үлдээсэн хосгүй бүтээлийн талаар Хишиг-Өндөр сумын ахмад багш Д.Дашзэвэг, Могод сумын технологийн багш Дэмчигийн Төмөрбаатар нарын хууч яриа “Булганы мэдээ” сонинд “Сундуй гүний уургач” нэртэй нийтлэгдсэн юм. Д.Төмөрбаатарын өвөө Сундуй гүний уургач намхан бахь биетэй “Шомбоон” Магсар гэж байжээ. Тэрээр өөрийн унаган адуунаасаа нэгэн уургач морь сургасан нь хожмоо нутаг орондоо “шааман зээрд” гэх нэрийг олжээ. “Шомбоон” Магсар, “шааман” зээрд хоёрыг харсан үзсэн хүн бүхэн шагшин магтаж хүүхэд, залуучууд адууны бэлчээрт даган явж уургач эрийн яриа хөөрөөг ам дамжуулан ярьж бүгд л уургач болох, уургын морьтой болох талаар ярилцдаг байсан гэлцдэг. Магсар гуайн уг гарал Завхан аймгийн Хоёр маргад уул нутгийн хүн. Цэрмаа гэдэг бүсгүйтэй айл гэр болж Дэмчиг, Мижир гэдэг хоёр хүү өсгөж хүмүүжүүлсэн байна. М.Мижир нь уран барималч зураач болжээ.

Бишрэлт гүн Д.Сундуйн адуучин “Алдарт уургач” Магсарын алдрыг мөнхжүүлсэн нэгэн хөшөөг Булган аймгийн төв цэцэрлэгг 1958 оны намар “шааман зээрд” морьтой “Шомбоон” Магсарын хүү уран барималч Мижир урлан бүтээсэн гэж аймгийн Музейн боловсролын ажилтан Ж. Ганбат тайлбарлалаа.

Холбоотой мэдээ