Хоёр мянга гаруй уст цэг ашиглана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-11-18 17:58:15

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт 3,4 сая толгой мал өвөлжүүлэхээр бэлтгэл хангалаа. Энэ өвөл аймгийн хэмжээнд ашиглахад бэлэн инженерийн хийцтэй болон энгийн уурхайн худаг, усан сан бүхий уст цэг 2017 байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээллээ.

 Хүн ам болон бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор орон нутгийн хөрөнгө оруулалтаар 204.0 сая төгрөгийн өртөг бүхий инженерийн хийцтэй 12 худаг гаргахаас 10, малчдын хүчээр 1 худгийг шинээр гаргасны дүнд 15.0 мянган бэлчээрийг усжуулж, 50 өрхийн  38,0 мянган мал усаар хангагдах нөхцөл бүрдсэн байна. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн албаны дарга Б.Жавзандолгор:

- Усан хангамжийн хувьд хойд бүсийн суманд малчдын гаргасан энгийн болон  инженерийн хийцтэй худгаас гадна гол мөрөн, булаг шандны усны нөөц орж байгаа. Харин урд бүсийн суманд усан хангамж дутмаг. Төсвийн хөрөнгөөр тодорхой хэмжээгээр худаг гаргаж усны хангамж нэмэгдүүлэх боломж гарч байгаа. Ерөнхийдөө усны ундарга түвшин доошилсон. Өмнөх жилүүдэд 30-50 метр гүнээс ус ундардаг байсан бол одоо 70-80 метр гүн өрөмдөж байж худаг гаргах болсон гэж ярилаа.

Өвөлжилтийн бэлтгэл хангасан дүнгээр усан хангамжийн түвшин өндөр 89,9 хувь байгаа нь малчдын өвөлжөө, хаваржаа суурьшсан нутагт усан хангамж сайн байгаатай холбоотой гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Д.Буманбаяр тайбарлав.

Холбоотой мэдээ