Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 82,8 хувьтай хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-11-18 22:00:45
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХААГ-аас гаргасан мэдээгээр тус аймгийн хэмжээнд 2019-2020 оны өвөл, хаварт мал аж ахуйн 57 багт 4 038 416 толгой мал өвөлжих урьдчилсан судалгаа гарчээ.  

Энэ жил аймгийн нийт нутгаар бэлчээрийн хүрэлцээ муу байгаа учраас Хэрлэнбаян Улааны нутагт 15 000, Малхын талд 30 000, Чилэнгийн отрын бүс нутагт 6 000,  Дорнодын Чойбалсангийн отрын бүс нутагт 109 303 мал өвөлжиж, хаваржихаар болжээ. 

Мөн Дорноговь аймгийн удирдлагуудтай гэрээ хэлцэл хийж, 203 өрхийн 186 014 толгой малыг отроор өвөлжүүлэх ая тухтай нөхцөлийг бүрдүүлж, нийтдээ 10 аймгийн нутагт 470 өрхийн 398 616 толгой мал оторт гарсан байна. Харин өөрийн аймгийн нутагт 212 600 толгой мал бүхий 317 өрх оторлож байна. 

Одоогийн байдлаар малчдын өвс тэжээл татан авалт 23,3 хувь, хашаа хороогоо засч тохижуулсан, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байдал 93,5 хувь, хоол хүнс, дулаан хувцасны хангалт 99,3 хувь, түлээ,түлшний нөөцийн хангалт 95,5 хувьтай байгаа бөгөөд нийт малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 84,6 хувьтай байгааг аймгийн ХХААГ-аас нэгтгэн гаргасан байна.

Харин аймгийн хэмжээнд  аюулгүйн нөөц бэлтгэл 100 хувь, 15 сумынх 79,7 хувь, худаг, усны хангалт, бэлэн байдал 98,4 хувь, малын усан хангамж 97 хувьтай байгаа ба өвөлжилтийн бэлтгэлийг аймгийн хэмжээнд 82,8 хувьтай хангасан байна. 

Холбоотой мэдээ