Оюутны түр ажлын байрны өдөрлөгт 30-аад ажил олгогч оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-11-19 14:22:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС, “Бизнетворк” ХХК хамтран “Орлоготой оюутан” хөтөлбөрийн хүрээнд “Түр ажлын байрны өдөрлөгийг” МУИС-ийн Номын санд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр оюутнууд суралцаж байх хугацаандаа ажил хөдөлмөрт өөрийгөө бэлтгэх, ажлын байрны ярилцлагад хэрхэн орох болон CV бөглөх, хувь хүний хөгжлийн мэдээлэл авахын зэрэгцээ ажиллах чиг баримжаатай болох, өөрийгөө болон ажиллах гэж буй байгууллагаа бүрэн ойлгох чадвартай болохоос гадна түр болон цагийн ажилд шууд зуучлуулах, ажил олгогч байгууллагуудын нөөцөд бүртгүүлэх давуу талтай юм.

МУИС-ийн Оюутан төгсөгчдийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг хэлэхдээ,Энэ удаагийн өдөрлөг оюутан ойр зуурын хэрэгцээгээ өөрөө хангах, мөнгөтэй зөв харилцах, эдийн засгийн тодорхой мэдлэгтэй болгоход тусална. Оюутан төгсөөд шууд ажлын талбарт өрсөлдөхөд олон бэрхшээл тулгардаг. Тэгвэл энэхүү өдөрлөг тэдэнд бэрхшээлийг даван туулахад нь тус болно гэж бид үзэж байна. Оюутныг суралцангаа ажил хийх, сурлагын амжилтыг нь бууруулахгүй байхын тулд ажил олгогч, МУИС, суралцагч гэсэн гурвалсан гэрээ байгуулна. Хэрэв цагийн ажилд гарч байгаа бол өдөрт 3 цагаас хэтрэхгүй хэмжээгээр тогтоож өгдөг. Мөн  оюутан тэнцэж ажиллахуйц шаардлагатай нөхцөлд тэднийг зуучлахаар ажиллаж байна” гэв.

Өдөрлөгт 30-аад ажил олгогч оролцож оюутнуудыг түр болон цагийн ажилд бүртгэж байлаа. Ажил олгогч байгууллагуудын хувьд үндэсний тэргүүлэх их сургууль болох МУИС-ийн төгсөгчдөөс ажлын байранд хүлээж авахдаа таатай байдаг бөгөөд боломжит цагийн ажилд оюутнуудыг хамруулах бүрэн боломжтойг илэрхийлээд ямар ч ажилд хувь хүний “хандлага” маш чухал байдгийг анхааруулав.

Скайтел компанийн Хүний нөөцийн мэргэжилтэн С.Хонгорзул, “Манай компани оюутан залуусыг дэмжин ажилладаг. Тиймээс манай компанийн гэрээт операторын болон бусад ажлын байранд 100-гаад оюутан ажилладаг. Энэ удаа нэг, хоёрдугаар курсын оюутныг түр ажлын байраар хангах зорилгоор гэрээт оператор, теле борлуулалтын оператор, брошур тараах сурталчилгааны ажилтан,  гурав, дөрөвдүгээр курсын оюутныг дадлагажуулан цаашид үндсэн ажлын байраар хангах боломжтой. Нийт 100 гаруй оюутныг ажлын байраар хангана. Одоогоор 50 гаруй оюутан бүртгүүлээд байна” гэв.


МУИС оюутнууддаа зориулан хавар, намар түр ажлын байрны өдөрлөг зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн жилийн хаврын өдөрлөгт 40 гаруй оюутан түр болон цагийн ажлын байртай болжээ.  

 

 

Холбоотой мэдээ