Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-19 15:39:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжив.


Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачлан, өргөн мэдүүлсэн юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн болон бусад өмчийн хэлбэрийг хүлээн зөвшөөрч, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг олгосон Ардчилсан хувьсгалын үнэ цэнийг олонд таниулах, үүнд оролцсон хүмүүсийг алдаршуулах шаардлагатай хэмээн төслийн үзэл баримтлалд дурджээ. Тиймээс энэ онд тохиож буй Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор тусгасан байна.


Уг тогтоолыг байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, санал дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Ташрамд дурдахад, Ардчилсан хувьсгалын санаачилсан, ардчилсан тогтолцоог цогцлон хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар  шагнаж байв.

Холбоотой мэдээ