Ассанжийн холбогдсон хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-11-20 07:22:15

СТОКХОЛМ. /The Guardian/. Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийн 2010 онд холбогдсон хүчингийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дууссан гэж Шведийн Прокурорын газар мягмар гарагт мэдээлжээ.


Прокуроруудын мэдээлснээр, гомдол гаргагчийн мэдүүлэг үнэмшилтэй байсан боловч цаг хугацааны явцад ой санамж бүдгэрдэг тул нотлох баримт хангалтгүй болсон байжээ. Хохирогчийн өмгөөлөгч хүсэлтийн дагуу уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулсан байна.


Ж.Ассанжийн хувьд уг хэргийг үгүйсгэж, өөрийг нь Шведийн талд шилжүүлэн өгөхөөс зайлсхийх зорилгоор 2012 онд Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадор улсын Элчин сайдын яамнаас /ЭСЯ/ орогнол хүсэж, тус яаманд долоон жилийн турш амьдарсан юм.


Өдгөө 48 настай Ж.Ассанжийн орогнох эрхийг Эквадорын ЭСЯ өнгөрсөн дөрөвдүгээр сард цуцалсны дараа түүнийг Лондон хотын цагдаа нар баривчилж, барьцаагаар сулласан нөхцөлийг зөрчсөн хэрэгт холбогдуулан Лондон хотын шүүх түүнд 50 долоо хоног хорих ял ногдуулсан юм.


АНУ-ын нууцын зэрэглэлтэй, дипломат баримт бичгийг 2010 онд олон нийтэд дэлгэсэнтэй холбогдуулан Ж.Ассанжийг Их Британиас шилжүүлэн авах хүсэлтийг АНУ-ын тал мөн гаргажээТүүнийг АНУ-д шилжүүлэх эсэх асуудлаарх шүүх хурлыг Их Британийн шүүх ирэх хоёрдугаар сард эхлүүлэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ