Н.Энхбат:Сумдын нийгэм эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулснаар шилжих хөдөлгөөнийг хязгаарлах боломжтой

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-11-20 16:23:45

Завхан /МОНЦАМЭ/. Хотжилт бол нийгмийн томоохон өөрчлөлтийн нэг ажээ. Хотжилт түүнийг тойрсон эерэг болон сөрөг байдлууд ганцхан Монголд ч биш дэлхийн бүхий л оронд тавигдаж байгаа. Монгол Улсад 1992 оноос хойш хүн амын шилжих хөдөлгөөн чөлөөтэй болсон.

Монгол Улсын Үндсэн хуульд улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй гэсэн заалтын дагуу иргэд оршин суух хөдөлгөөнд чөлөөтэй оролцох эрх зүйн боломжийг бүрдүүлсэн билээ. Ийнхүү Монгол Улсын дотоодын шилжих хөдөлгөөний талаар улсын хэмжээнд анх удаа 2018 онд цогц судалгаа хийж үр дүнг нь гаргажээ. Дотоодын шилжигсдийн олонх нь Улаанбаатар хотод төвлөрдгөөс, хотжилт эрчимтэй явж, хөдөө орон нутгийн хүн ам цөөрч байгааг судалгааны дүгнэлт харуулсан байна. "Монгол Улс: Хүн амын дотоодын шилжих хөдөлгөөний судалгаа"-г хийсэн МУҮИС-ийн судлаачдын багийн судалснаар 1989 онд хүн амын дөрөвний нэг хувь нь (26.8%) оршин сууж байсан нийслэлд, одоо нийт хүн амын бараг тал (47%) хувь нь оршин сууж байна. 

Үндэсний Статистикийн хорооны мэдээлснээр, 2010-2016 онд 126,143 хүн Улаанбаатарт албан ёсоор шилжин суурьшсанаар, 2017 онд нийслэлийн хүн ам 1,463,000 гэж тоологджээ. Тэгвэл Завхан аймгийн хүн амын дотоод шилжих хөдөлгөөн, нөлөөлж буй хүчин зүйлийн шинжилгээ сэдвийн хүрээнд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Н.Энхбат магистрын судалгааны ажил хийжээ. Түүнтэй энэ талаар ярилцаж сонирхолтой мэдээллийг авлаа.


-Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Таныг Завхан аймгийн хүн амын дотоод шилжих хөдөлгөөн, нөлөөлж буй хүчин зүйлийн шинжилгээ сэдвийн хүрээнд тун сонирхолтой судалгаа хийснийг дууллаа? Судалгааг анх яагаад хийх болсон тухайгаа яриач?

-За баярлалаа. Миний бие 2019 онд Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуульд Завхан аймгийн хүн амын дотоод шилжих хөдөлгөөн, нөлөөлж буй хүчин зүйлийн шинжилгээ сэдвээр төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Энэ сэдвийг сонгон авах бодит шалтгаан байсан юм. Учир нь статистик тоон мэдээнээс үзэхэд 1990-2018 оны хооронд манай аймагт 36181 хүн шилжин ирсэн бол 77207 иргэн шилжин явсан бөгөөд цэвэр шилжилт 41026 гэсэн дүнтэй байсан. Анх энэ тоог хараад энэ талын судалгааг хийх нь их сонирхолтой санагдсан. Тэгээд ч ажилтай минь холбоотой учраас яагаад шилжилт хөдөлгөөн ихэсч байгааг судлах, хүн амын тоо буурсан шалтгаан нөхцөлийг нь мэдэх нь ажлын үүрэг. Бас сонирхол татсан юм. Дээрх статистик мэдээллээс харахад аймгийн хүн амын тоо шилжих хөдөлгөөний улмаас буурч байгааг харуулж байгаа үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 2000 хүн амтай 20 сумын хүн амтай тэнцэхүйц тоо бөгөөд орон нутгийн зүгээс зайлшгүй анхаарах асуудал болох нь харагдаж байгаа юм. Иймээс гадагш чиглэсэн шилжих хөдөлгөөнийг саармагжуулах, орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд хүн ам зүй, шилжих хөдөлгөөний чиг хандлагыг зайлшгүй анхаарах зэрэг хэрэгцээ шаардлага байгаа учраас энэ сэдвийн хүрээнд судалгаа хийсэн юм.   

-Шилжих хөдөлгөөнийг судлахын ач холбогдол нь юу юм бэ?

-Мэдээж олон талын ач холбогдолтой. Хүн амын шилжих хөдөлгөөнийг судлах нь орон нутгийн төдийгүй, Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох ялангуяа хүн амын байршил, суурьшил, шилжих хөдөлгөөний талаар баримтлах бодлого, хөтөлбөр боловсруулахад чухал ач холбогдолтой суурь мэдээлэл болдог. Мөн шилжих хөдөлгөөн нь эдийн засгийн хөгжил, ядуурал, амьжиргаанаас үүдэлтэй тул түүнийг бууруулах нь өөрөө эдийн засгийн хөгжлийн арга хэмжээ байдаг. Тиймээс шилжих хөдөлгөөнийг судлах нь эдийн засгийн өсөлтийг хангахтай дүйцэхүйц чухал асуудал гэж судлаачид үздэг.

-Хүн амын шилжих хөдөлгөөн гэсэн тодорхойлолтыг энгийнээр ойлгуулбал?

-Хүн амын шилжих хөдөлгөөний аливаа судалгаанд уг ойлголтыг өргөн утгаар авч үзэхдээ нэг газраас нөгөөд шилжин суурьших хөдөлгөөнөөс гадна тэрхүү шилжих хөдөлгөөнөөс улбаалан нийгэмд гарч буй өөрчлөлтийг багтаадаг. Судлаачид, шилжих хөдөлгөөнийг цаг хугацаа, засаг захиргаа нутаг дэвсгэрийн хил хязгаар давсан эсэх, зорилго, шинж төлөвөөс хамааруулан ялгаатай байдлаар тодорхойлсон байдаг. Манай улсын хувьд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д  “Иргэн, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга. Харин 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг түр оршин суух гэнэ” гэж заасан байдаг. Энэхүү заалтыг үндэслэн бүрмөсөн болон түр шилжигчдийг ялган тодорхойлдог.

-Тэгвэл Завхан аймгийн хүн амын шилжих хөдөлгөөний төлөв байдал ямархуу байна вэ?

-Дээр хэлсэнчлэн аймгийн шилжих хөдөлгөөний урсгал бол гадагш чиглэсэн байгаа. Харин аймгийн дотоод шилжих хөдөлгөөний хувьд Улиастай сум руу буюу сумаас аймгийн төв рүүгээ чиглэсэн байна. Үүнийг тогтоохдоо сүүлийн таван жилийн буюу 2013-2018 оны хугацаанд Улиастай сум болон бусад сум хоорондын шилжих хөдөлгөөний тоон мэдээлэл дээр дүн шинжилгээ хийсэн. Энэ хугацаанд Улиастайд хөдөөгийн сумдаас 1343 хүн шилжин ирсэн бол хөдөөгийн сумууд руу 721 хүн шилжин явсан бөгөөд цэвэр шилжилт нь 622 хүн байна. Цэвэр шилжилтийн коэффициент дөрөв буюу Улиастай сумын 100 хүн ам тутмын дөрөв нь хөдөөгөөс буюу сумаас шилжиж ирсэн хүн болж таарч байгаа юм. Энэ судалгааны ажлыг хийхдээ бид шилжих хөдөлгөөнийг судалдаг олон онол загваруудаас Зифийн загвар буюу орон зайн урвуу хамаарлын хууль, түлхэх-Татах хүчин зүйлийн онолыг судалгааны ажлын онолын үзэл баримтлал болгон авсан байгаа. Зифийн загвар буюу орон зайн урвуу хамаарлын хууль ёсоор бол Улиастайд хамгийн ойр байрлах сумдаас хамгийн их хүн, хамгийн хол байрлах сумдаас цөөн хүн шилжин ирэх ёстой. Гэтэл шилжих хөдөлгөөнд орон зайн хамаарал бага буюу 11 хувийн нөлөө үзүүлсэн байна. Бусад 89 хувь нь түлхэх-татах хүчин зүйлийн нөлөө болж таарч байгаа юм.

-Түлхэх-татах хүчин зүйл гэдгийг тодруулж хэлэхгүй юу?

-Ямар ч бүс нутгийн хувьд хүмүүсийг өөрөөсөө холдуулах болон хүмүүсийг татах тодорхой хүчин зүйлүүд байдаг. Тухайлбал оршин сууж буй нутагт ажлын байр хомс, зах зээлээс хол, бараа үйлчилгээний үнэ өндөр зэрэг эдийн засгийн шинжтэй. Боловсрол, эрүүл мэнд, соёл болон бусад үйлчилгээний чанар хүртээмж муу гэсэн нийгмийн шинжтэй түлхэх хүчин зүйлүүд нөлөөлж байдаг бол төв суурин газарт энэ нь эсрэгээрээ ажлын байр олдоцтой, зах зээлд ойр, үйлчилгээний чанар хүртээмж харьцангуй сайн гэх зэргээр татах хүчин зүйл болж байдаг юм.

-Мэдээж судалгааны үндсэн дээр дүгнэлт хийсэн байх. Ямар дүгнэлтэд хүрэв?

-Судалгааны дүнгээс үзэхэд манай аймгийн хүн амын дотоод шилжих хөдөлгөөнд нийгэм эдийн засгийн шинжтэй түлхэх, татах хүчин зүйлийн аль аль нь хүчтэй нөлөөлж байгаа ч түлхэх хүчин зүйлүүд илүү нөлөөлж байна. Иймээс цаашид аймгийн хувьд хөдөөгийн сумдад ард иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, төрийн болон бусад үйлчилгээний байгууллагуудын хүний нөөцийг чадавхжуулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг арга замаар сумдын нийгэм эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах нь шилжих хөдөлгөөнийг хязгаарлах боломж юм гэж харж байна.

-Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн шилжилт хөдөлгөөн ямар түвшинд байгаа вэ?

-Энэ онд манай аймагт бусад аймаг нийслэлээс 383 иргэн шилжин ирсэн бол сум хоорондын шилжилт хөдөлгөөнд 301 иргэн оролцжээ. Шилжилт хөдөлгөөнд оролцогчдын хувьд амьдралын нөхцөл сайжруулах, асран хамгаалах, мэргэжлийнхээ дагуу ажиллах, бусад гэсэн шалтгаанууд зонхилж байна. 

Тодруулж хэлэхэд 2018 онд батлагдсан Улсын бүртгэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжилт хөдөлгөөнийг зөвхөн оршин суух газраа буюу шилжин ирж буй засаг захиргааны нэгжийн улсын бүртгэгчид бүртгүүлдэг болсон. Иймээс энэ жил зөвхөн шилжин ирсэн иргэдийн тоон мэдээлэл л гарсан байна. 

Харин 2018 оны эцэст 21.8 мянган өрхийн 72.9 мянган хүн амтай болж өмнөх оны мөн үеэс өрх 1.5 хувиар, хүн ам 1.2 хувиар өссөн байна. Нийт хүн амын 49.9 хувь нь эрэгтэй, 50.1 хувь нь эмэгтэй, 31.6 хувь нь 16 хүртэл насны хүүхэд, 30.2 хувь нь 16-34 насны залуучууд, 26.6 хувь нь 35-54 насны хүн ам, 11.6 хувь нь 55-ээс дээш насны хүн ам эзэлж байна.

2018 онд Завхан аймгаас бусад аймаг, нийслэл рүү 599 хүн шилжин явж 713 хүн бусад аймаг нийслэлээс аймагт шилжин ирж суурьшсан байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад шилжилт хөдөлгөөн буурсан эерэг үзүүлэлт харагдаж байна. 2019 оны дүнгээс харахад ч эерэг үзүүлэлттэй байна.

Ер нь дээрх нас, хүйсийн бүтцийн судалгаа нь хүн амын нас, хүйсийн бүтцийн өнөөгийн байдал, түүнээс гарч болох үр дагавар, ирээдүйн төлөвийг тодорхойлоод зогсохгүй цаашид баримтлах бодлого, төлөвлөлтийн үндэс суурь болдог байна. Жишээ нь, залуу насны бүтэцтэй буюу 15 хүртэлх насны хүн амын хувь өндөр байгаа улс орнуудын тухайд, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар төрийн бодлого, хөтөлбөр боловсруулахад тусгах хэрэгтэй юм. Харин хүн ам нь хөгшин насны бүтэцтэй улс орны хувьд, тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилт болон ажиллах хүчний бууралтын асуудлуудад анхаарах хэрэгтэй болдог. Хүйсийн бүтцийн судалгааг явуулсны үр дүнд аливаа бодлого, үйл ажиллагаанд жендерийн мэдрэмжтэй хандах боломж бүрдэнэ. Завхан аймгийн хүн амын суваргаас харахад 0-4 насныхан хамгийн их хувьтай байна. Мөн хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь өндөр байгаа нь ажиллах хүчний нөөц хангалттай байгаа үзүүлэлт бөгөөд ажлын байрыг олноор бий болгох шаардлагатайг харуулж байгаа юм. 

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Манай байгууллага нь иргэнд суурилсан төрийн бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, иргэний эрхийг хангах, төрийн ой санамжийг бүрдүүлэх, бэхжүүлэх, Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох чиглэлээр дэмжлэг үзүүлэх оюуны өмчийн тогтолцоог улам бүр хөгжүүлж, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, оюуны өмчийн эрхийн хэрэгжилтийг хангах, мөн шинийг санаачлах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, хэлэлцээр болон Монгол Улсын хөгжлийн өнөөгийн шаардлагад нийцүүлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг жишигт хүргэх зорилготой ажилладаг байгууллага. Энэ онд Улсын бүртгэлийн байгууллагын 79 жилийн ой, Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд манай хэлтсийн зүгээс “10 жил-10 ажил” гэсэн аяныг зохион байгуулан ажиллаж байгааг дуулгамаар байна. Мөн жил бүрийн 11 сарын 23-ны өдрийг Улсын бүртгэгчдийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Иймээс хэлтсийн хамт олон болон Улсын бүртгэгч нартаа Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой, Улсын бүртгэгчдийн баярын мэндийн хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье

Холбоотой мэдээ