Спорт бүхний төлөө олон улсын холбооны XXVI конгресс болов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-11-20 15:21:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Токио хотноо Спорт бүхний төлөө олон улсын холбоо /TAFISA/-ны 26 дугаар конгресс энэ сарын 13-17-нд “Уламжлал болон шинэчлэлийг хослуулан, спорт, биеийн идэвхтэй хөдөлгөөнийг бүх нийтэд хүргэе” уриан дор зохион байгуулав.


Тус конгресс буюу чуулганд Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Спорт ба идэвхтэй нийгэм” комиссын дарга Ч.Амарсанаа оролцжээ. Энэ удаагийн чуулганд дэлхийн 78 улсын 350 орчим төлөөлөгчид оролцон, урт наслахын зэрэгцээ амьдралын чанарыг сайжруулах, хүүхэд болон насанд хүрэгсэд бүгд тоглох эрхтэй ч харамсалтай нь үүнийг бүх түвшинд үл ойшоодог талаар мэтгэлцээн явуулж санал солилцов.


Мөн хүн бүр спортоор хичээллэх, биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг мэддэг ч нэгдсэн, цэгцтэй бодлого дутмаг тухай, Төр болон олон нийтийн байгууллага нь ард иргэдийг спорттой холбох гүүр нь болох тухай, Инновац шинэчлэл, Спорт дахь нөлөөлөл зэрэг дэд сэдвүүдээр хурал, мэтгэлцээн, багийн ажил өрнүүлсэн байна.


Чуулганы сүүлийн өдөр Японы уламжлалт “Ундо-Кай” спортын өдөрлөг болж, МҮОХ-ны төлөөлөл өөрийн багийн хамт амжилттай оролцон 10 багаас 2 дугаар байрт шалгарав.


Спорт бүхний төлөө олон улсын холбоо нь анх 1960 оны эхэнд санаачлагдсан боловч албан ёсоор 1991 онд байгуулагдаж, өдгөө Герман улсын Франкфурт хотноо төвтэй үйл ажиллагаагаа явуулж байна.



Холбоотой мэдээ