Монголын зураачид олон улсын урлагийн үзэсгэлэнгээс шагнал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-11-20 16:36:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Тайжун хотноо энэ сарын 16-нд болсон “Да Дүн урлагийн үзэсгэлэн 2019” олон улсын урлагийн наадамд Монголын зураач Ж.Мөнхжаргалын “Үдэш: Сар дэлхийг зүүдлэх үед” бүтээл усан будгийн төрөлд хоёрдугаар байр эзэллээ.

Мөн хэвлэмэл уран зургийн төрөлд З.Уянга, уран баримлын төрөлд Д.Отгонбаяр, гар урлалын төрөлд А.Чогдгаваа нар шагналт байрт шалгарчээ. Тус уралдаанаас гадаадын 15 уран бүтээлч шагнал хүртсэний дөрөв нь ийнхүү  Монголын уран бүтээлчид байв.

Улаанбаатар хотын Худалдаа, Эдийн Засгийн Тайпэй дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Л.Золзаяа шагнал гардуулах ёслол дээр хэлэхдээ, “Манай уран бүтээлчид энэхүү олон улсын тэмцээнд оролцсоноор дэлхий дахинд Монголын өвөрмөц соёл, зан заншилтай танилцах боломжийг илүү нээлттэй олгож байна. Мөн бусад орны уран бүтээлчидтэй харилцан туршлага солилцох боломжтой боллоо” хэмээв.

Тус үзэсгэлэн нь 1996 оноос өдгөө 23 дахь жилдээ болж байгаа бөгөөд 2002 оноос олон улсын уран бүтээлчдийн бүтээлүүдийг хүлээн авч эхэлжээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын сонирхлыг татаж байгаа аж.

Үзэсгэлэнг усан болон тосон будаг, гэрэл зураг, уран баримал, гар урлал болон дижитал урлал гэх мэт нийт 11 төрлөөр зохион байгуулдаг бөгөөд нийт шагналын сан нь 130 мянган ам.доллар байдаг байна.

Холбоотой мэдээ