“Амин байгалиа хайрлая” уриан дор ТED-X зохион байгуулна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-11-20 17:51:31

Өвөрхангай /МОНЦАМЭ/. ТED-X буюу Олон улсын лиценз бүхий үйл ажиллагааг Өвөрхангай аймагт зохион байгуулах албан ёсны эрхийг “Уран илтгэгч төв” ТББ, “Гэгээн үйлс-Хамтын оролцоо” ТББ хамтран аваад байна.

TED-Х нь шинэлэг, үнэ цэнтэй санаануудыг дэлхий нийтэд нээлттэй түгээх, хуваалцах арга юм. Дэлхий нийтэд шилдэг сэтгэгч, шинийг санаачлагч, туурвин бүтээгчдийг оролцуулан технологи, энтертаймэнт, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг олон салбарын хүрээнд шинэ санаа санаачилгыг танилцуулан, илтгэлээ толилуулж, санаа бодлоо хуваалцдаг байна.

Харин Арвайхээрт “Амин байгалиа хайрлая” уриатайгаар зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа аж. Мөн Олон улсын хөтөлбөрийн дүрмийн дагуу TEDx-ийн тайзан дээр илтгэл танилцуулах 10 сурагч, хоёр насанд хүрэгч иргэнийг сонгоод байгаа ба “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн ажилтай уялдуулан байгаль орчныг хайрлан хамгаалах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодит гарц шийдлүүдийг илтгэлдээ дурдах аж.

Тус үйл ажиллагаа 11 дүгээр сарын 24-нд Арвайхээр хотноо болно.

 

Холбоотой мэдээ