Зэрлэг гахай мал барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-21 10:58:29

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутагХагшаал гэх газарт нутаглаж буй зэрлэг гахай малчдын гэрт орж эд зүйлсийг сүйтгэхийн зэрэгцээ мал барьж идэж байна.

Өнгөрсөн 2018 онд Булган сумын Баянгол багийн 12 малчны 120 гаруй малыг барьсан бөгөөд энэ онд найман малчин өрх 60 гаруй бог малаа зэрлэг гахайд бариулсан байна. Мөн дөрвөн малчны гэрт орж эд зүйлсийг сүйтгэн хохирол учруулжээ.

Хагшаал гэх газарт 2018 онд хоёр зэрлэг гахай нутаглаж байсан бол өдгөө найм болж тоо толгой өсжээ.

Зэрлэг гахай нь элдэв идэшт амьтан. Гол төлөв ургамлын ногоон хэсэг, үндэс, хушны самар, элдэв үр жимс, булцуу, жижиг нугаламгүй амьтан, шавж, мэлхий, үхэр огдой зэргээр хооллоно. Сүүлийн үед хоол тэжээлийн хомсдолоос шалтгаалан ийнхүү бог мал барьж иддэг болсон гэж малчид ярьж байна.

Нутгийн малчид аймгийн БОАЖГ болон сум, багийн удирдлага, байгаль орчны байцаагч нарт мэдээлж, шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан байна.   

Цаашид малчид малаа хамгаалж байнга хариулах, зэрлэг ан амьтны халдлагаас сэрэмжлэхийг холбогдох байгууллагаас анхааруулсан гэж Булган сумын Баянгол багийн Засаг дарга Б.Гансүх мэдээллээ. 

 

Холбоотой мэдээ