Израилд эвслийн Засгийн газар байгуулах оролдлого дахин бүтэлгүйтэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-21 11:06:40

ТЕЛЬ.АВИВ. /DW/. Израилын одоогийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн гол өрсөлдөгчид тооцогддог, "Кахоль-Лаван" эвслийн дарга Бени Ганц эвслийн Засгийн газар байгуулж чадсангүй.


Эвслийн Засгийн газар эмхлэн байгуулах 28 хоногийн хугацаа 11 дүгээр сарын 21-ний шөнө дуусах юм. Нетаньяху үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах саналыг лхагва гарагт сүүлийн удаа Ганцад тавьсан байна. Харин Ганц хариуд нь “өөрийн байр суурийг  үндэсний эв нэгдлээс дээгүүр тавьсан" гэж түүнийг буруутгажээ.


Одоо Ганц шинэ Засгийн газар байгуулах эрхийг Израилийн Ерөнхийлөгч Реувен Ривлинд эргүүлэн өгөх ёстой байна. Үүнээс өмнө эвслийн Засгийн газар эмхлэх Нетаньяхугийн оролдлого мөн бүтэлгүйтсэн юм. Одоо тус улсад нэг жилийн дотор гурав дахь удаагаа парламентын сонгууль явуулах магадлалтай болж байна.


Энэ оны дөрөвдүгээр сард болсон парламентын сонгуулийн дараа Нетаньяху хуульд заасан хугацаанд Засгийн газар эмхлэн байгуулах тохиролцоонд хүрч чадаагүй учир Кнессет буюу парламентыг тарааж, есдүгээр сарын 17-нд дахин сонгууль явуулжээ.


Сонгуулийн дүнгээр "Кахоль-Лаван" эвсэл Нетаньяхугийн “Ликуд” намаас нэг суудал илүү авсан байна.


Холбоотой мэдээ