Хоригийг зөөлрүүлэх нь цөмийн зэвсгээс ангижрах үйл явцыг хурдасгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-21 14:02:52

ВАШИНГТОН. /TASS/. БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг зөөлрүүлэх нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг хурдасгах боломжтой гэж БНСУ үзэж байна. Энэ тухай БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамны сайд Ким Ён Чоль Вашингтон дахь Энх тайвны байгууллагад үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.


БНАСАУ-ын эсрэг авсан олон тооны хориг арга хэмжээнүүдээс аль нэгийг нь цуцлахтай холбоотой ямар ч тохиролцоонд одоогоор хүрээгүй байгааг тэрбээр цохон тэмдэглэжээ. Түүнчлэн хоёр Солонгос хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг хурдасгахад тус дөхөм болж магадгүй юм хэмээн үзэж байгаагаа Ким Ён Чоль илэрхийлсэн байна.


“Хоёр Солонгос хамтын ажиллагааныхаа цар хүрээг нэмэгдүүлэх нь олон улсын хамтын нийгэмлэгийг түгшээхгүйгээр БНАСАУ-д түлхэц өгөх арга замуудыг олох боломжийг олгох юм” хэмээн тэрбээр хэлжээ.


Үүний зэрэгцээ Солонгосын хойгт байнгын энх тайван байдал бий болгож, эрх баригчдад АНУ аюулгүй байдлын баталгаа олгох санааг БНСУ-ын эрх баригчид дэмжиж байгааг цохон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ