“Тогтвортой амьжиргаа-3” төслийн баг сумдад ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-21 21:27:54

Ховд /МОНЦАМЭ/. ”Тогтвортой амьжиргаа-3” төслийн орон нутгийн зохицуулагч Ж.Батсайхан 11 дүгээр сарын 18-20-ны өдөр Ховд аймгийн Үенч, Алтай, Булган суманд ажиллалаа.

Энэ үеэр сумын удирдах ажилтан, ИТХ-ын төлөөлөгч, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, ОНХС-ийн үйл ажиллагаанд иргэдийг идэвхтэй оролцуулах, ирсэн саналыг зөв нэгтгэх, эрэмбэлэх талаар мэдээлэл хийсэн юм. Ингэснээр цаашид иргэдийн бодит хэрэгцээнд тулгуурласан хөгжил, бүтээн байгуулалтыг суманд орон нутагтаа олноор бий болгох боломж өргөжих давуу талтай гэж албаныхан ярьж байна.

Түүнчлэн Үенч, Алтай, Булган сумын удирдлагууд ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хийсэн ажил, түүний үр дүн, зарим сайн туршлагаа танилцууллаа.

Тодруулбал, Үенч сум энэ онд ОНХС-ийн 238.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 20 орчим нэр төрлийн ажил хийхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин Булган суманд энэ онд ОНХС-ийн 460 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 30 орчим нэр төрлийн ажил, төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд ОНХС-ийн сайн засаглал-үр дүнд суурилсан урамшуулалд хамрагдаж, 2020 онд 110 сая төгрөгийн урамшуулал авахаар болжээ.

Тэгвэл Алтай сумын тухайд 2019 онд ОНХС-ийн 469 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн өргөтгөл, гудамжны гэрэлтүүлэг, ухаалаг худаг барьж ашиглалтад оруулах зэрэг нийт 18 төрлийн бүтээн байгуулалт, засвар үйлчилгээний ажил хийжээ. Ингэснээр ирэх онд ОНХС-аас 75 сая төгрөгийн сайн засаглал-үр дүнд суурилсан урамшуулал авах боломж бүрдүүлсэн байна.

“Тогтвортой амьжиргаа-3” төслийн баг цаашид ОНХС-ийн үйл ажиллагааг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын дагуу  Ховд аймгийн бусад 10 гаруй суманд үе шаттай ажиллана гэж албаныхан хэллээ.   


Холбоотой мэдээ