Япон, Хятад, БНСУ хуванцар хаягдлыг бууруулах чиглэлд хамтран ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-11-25 15:10:39
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /NHK/. Япон, Хятад, БНСУ-ын Байгаль орчны сайд нар далай тэнгист үүссэн хуванцар хог хаягдлыг бууруулах чиглэлд хамтран ажиллах хамтарсан мэдэгдэл гаргажээ.


Японы баруун нутгийн Китакюшю хотод ням гарагт өндөрлөсөн хоёр өдрийн уулзалтаар Байгаль орчны сайд нар ирэх таван жилд нэн тэргүүнд тавих салбаруудын талаар хэлэлцсэн байна. Талууд агаарын бохирдол тэргүүтэй найман чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ. Үүнд "PM 2.5" тоосонцрын эсрэг арга хэмжээ авах, хог хаягдлыг дахин боловсруулах болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зэрэг багтсан байна.


Хуванцар хог хаягдал нь далайн эко системд сөргөөр нөлөөлж болзошгүй төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаад Байгаль орчны сайд нар санал нэгдсэн байна. Үүний зэрэгцээ уг уулзалтын үеэр гурван орны сайд нар хамтарсан мэдэгдэл гаргажээ.


Японы Байгаль орчны сайд Шинжиро Коизүми ирэх сард Испанид болох “COP25” буюу Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын талаар онцолсон байна. Уг бага хурал нь дэлхийн хамгийн их хүлэмжийн хий ялгаруулагч, далайн хуванцар хог хаягдлын томоохон эх үүсвэр болсон Хятад улсад чухал ач холбогдолтой болохыг тэрбээр дурдаад, тус улс эдгээр асуудлыг шийдвэрлэх чиглэлд эерэг арга хэмжээ авна гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ