С.Эрдэнэ: Гэр хороололд СӨХ байгуулах шаардлага байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-29 16:57:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.


УИХ-ын гишүүн С.Эрдэнэ дөрөвдүгээр сарын 11-нд дээрх хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Эдийн засгийн байнгын хорооны өнгөрсөн сарын 16-ны хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжсэн юм. Хуулийн төсөлд, Гэр хороололд Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ байгуулах, СӨХ-ны менежментийг боловсронгуй болгох эрх зүйн орчинг сайжруулах замаар бодитой үр дүнтэй ажиллах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх юм. Түүнчлэн СӨХ-г иргэдийн эрүүл, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах, оршин суугчидтай нягт уялдаа холбоотой, нээлттэй, ил тод ажиллах үүрэгтэй байгууллагынх нь хувьд эрх, үүргийг тодорхой болгон сууц өмчлөгч ба оршин суугчийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, иргэний эрх үүргийг дээшлүүлэн, хувийн хэвшлийн үйл ажиллагааг сайжруулж, эдгээрийн хоорондын ажлын уялдаа холбоог хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалтын талаарх харилцааг зохицуулахаар тусгасныг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцуулгадаа дурдав. 



Хэлэлцэж буй асуудалтай холобгдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээжанцан, М.Оюунчимэг, Б.Баттөмөр нарын гишүүн төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан, санал хэлсэн. Гишүүд 2003 онд хэрэгжиж эхэлсэн энэ хууль үүргээ сайн гүйцэтгэсэн ч бүхэлд нь шинэчлэх шаардлага үүсээд буйг онцолж байв. Учир нь нийслэлийн хүн амын 58 хувь буюу 205 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байгаагаас 56 хувьд хоёроос дээш өрх нэг хашаанд амьдарч байгаа аж. Тиймээс тэдгээр өрхийн орчны аюулгүй байдал, тохижилт, цэвэрлэгээ, инженерийн шугам сулжээний ашиглалт хамгаалалт нэн тулгамдсан, зайлшгүй шийдвэрлэх асуудал болоод байгааг төсөл санаачлагч хариултдаа онцолж байлаа.


Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил үг хэлсний дараа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хуралдаанд цөөхөн гишүүн оролцож байгаа тул чухал хуулийн төсөл буцаагдах магадлалтайг хэлээд, дараагийн чуулганаар санал хураахаар шийдвэрлэв. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Холбоотой мэдээ