Нийслэлд хувьчлалаар 68.3 тэрбумыг төвлөрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Ээлжит
хуралдааанаар:
- "Нийслэлийн 2019 оны төсвийн хүлээгдэж буй
гүйцэтгэл,
- НИТХ-ын 2019 оны 26/23 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах
тухай, Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай",
- "Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын
төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах
тухай",
- "Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд,
эд хөрөнгийн жагсаалт батлах” талаар
НИТХ-ын
ээлжит XXIX хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ
Хуралдааны эхэнд нийслэлийн ирэх оны төсвийн төслийг
хэлэлцэв. Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ногоон
байгууламж нэмэгдүүлэх бодлого баримталсан талаар нийслэлийн Газар зохион
байгуулалтын албанаас онцоллоо. Ингэхдээ ногоон байгууламж, цэцэрлэгт
хүрээлэнгүүдийн газрын арчлалт, хамгаалалтыг дүүргүүдийн Засаг дарга нарт
даалгах аж. Хуралдааны үеэр НИТХ-ын тэргүүлэгчид иргэн, ААН-үүд эзэмшиж буй
газраа зориулалт бусаар ашиглаж, олон хүндрэл учруулдгийг дурдаад энэ чиглэлд
анхаарч ажиллахыг сануулав.
Хуралдааны төгсгөлд Нийслэлийн өмчөөс 2020 онд
хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм.
Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас ирэх онд Төв цэнгэлдэх хүрээлэн,
Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн зэрэг есөн барилга, байгууламжийг
хувьчлахаар санал оруулсан.
Өмчийн харилцааны газрын мэдээлж буйгаар ирэх онд
есөн барилга, байгууламжийг хувьчилснаар нийслэлийн төсөвт 68.3 тэрбум
төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцжээ. Энэ талаар НИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар
хэлэлцүүлэхийг НИТХ-ын тэргүүлэгчид дэмжлээ. Ингэхдээ тэргүүлэгчдийн олонх нь Төв цэнгэлдэх
хүрээлэн, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн байр, Баянгол дүүргийн I хорооны
ӨЭМТ-ийн барилгуудыг хувьчлах шаардлагагүй гэж үзэв. Улмаар энэ
талаар “дэмжээгүй” гэдэг саналтайгаар НИТХ-ын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр
боллоо.