Иргэдийн оролцоог эрхзүйн хэрэгжилтээр хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-02 15:05:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгэм дэх иргэдийн оролцоог эрхзүйгээр хангаж өгөх нь иргэд төр, нийгмийн үйл ажиллагаанд оролцохдоо баталгаатай, идэвхтэй, нээлттэй болно.

Энэ талаар Удирдлагын академид өнөөдөр болсон “Иргэдий оролцоо-II” чуулганаар хөндлөө. Чуулганд иргэний нийгмийг төлөөлсөн олон нийтийн ТББ-уудын нийслэл, хөдөө, орон нутгийн төлөөлөл оролцож, нийгэм дэх иргэдийн оролцоог төр, засгийн түвшинд хэрхэн хангаж буйг хэлэлцсэн юм.




Нэг ёсондоо өнөөдрийн чуулган иргэний нийгмийн байгууллагууд гэхээсээ илүү төр, захиргааны байгууллагууд дээр иргэдийн оролцооны үндсэн агуулгыг тусган мөрдөж буй эрхзүйн баримт бичгүүд, хууль эрхзүйн орчин ямар байгааг дүгнэх байдлаар боллоо. Энэ талаар оролцогчдын байр суурийг хүргэвэл, “Иргэдийн нийгмийн ажил болон үйл ажиллагаанд оролцох идэвхийг хууль эрхзүйд маш ойлгомжтойгоор суулгаж өгснөөр шинэчлэл хийгдэнэ” гэдгийг Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Ганбаатар хэлж байлаа.


Швейцарийн Хөгжлийн агентлагийн “Иргэдийн оролцоо-II“ төслийн зохицуулагч, Удирдлагын академийн Эрхзүйн тэнхимийн багш, доктор Д.Сүнжид, “Иргэдийн оролцоог ил тод, нээлттэй, зөв зүйтэй, нэн түрүүнд хийх шаардлагатай ажил дээр үйл ажиллагаагаараа нэгдэж буйг дэлгэрэнгүй мэдээлж байх хэрэгтэй байна. Ийм нөхцөлд иргэдийн оролцоо нэлээн хангагдаж, ашиг сонирхолын зөрчил гараад байхгүй” гэсэн саналыг хэлж байв. “Ил тод байдал сан” ТББ-ын тэргүүн Д.Цэрэнжав, “Нийгэм дэх иргэдийн оролцоо нь төр, засгийн үйл ажиллагааг хянах, ил тод байлгах зэрэг олон хэлбэрээр хэрэгждэг” гэдгийг хэлж байлаа.




Ардчилсан нийгмийн үндсэн зарчмууд болох иргэн хүн эрх чөлөөтэй үг хэлж, төр, нийгмийн үйл ажиллагаанд оролцох зэрэг үйл ажиллагаа нь иргэн хүнийг төлөвшүүлж, бойжуулж байдаг учир энэ үндсэн чиглэлийг мэдээллээр дамжуулан иргэдэд хүргэж, тэр нь эргээд мэдлэг болж нийгэм дэх оролцоогоо өөрсдөө дүгнэх учиртайг чуулганд оролцсон эрдэмтэн, судлаач нар тавьсан илтгэлдээ тэмдэглэж байлаа.





Өнөөдрийн чуулганаар манай улсад үйлчилж, даган мөрдөж буй 109 хууль, 308 зүйл, заалтад иргэдийн оролцоог идэвхижүүлэх талаар тусгаж хэрэгжүүлэх ямар оновчтой шийдэл байхыг дүгнэж ярилцсан юм.

Нийт хууль, зүйл, заалтууд дотроо ямар зүйл, заалтууд нь иргэдийн оролцоог хангах талаар тусгасныг иргэд ч өөрсдөө ойлгож, мөн тэдэнд үйлчлэх төр, захиргааны байгууллагын удирдлага, ажилтнууд мэдэх авах нь чухал байгааг ярилцлаа.

Наад зах нь, иргэн хүн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрахаа баталгаажуулах өөрийн эрх ашгийн төлөө явах учиртай. Энэ талын эрхзүйн орчны ойлгомжтой, чадамжтай, чанартай, үр дүнтэй байдлыг олж авахын төлөө иргэд ч, төр, засаг, төрийн болон ТББ-ууд явах учиртайг хэлэлцлээ.


“Иргэдийн оролцоо” төслийн эхний шатанд Төсвийн тухай хуульд зохицуулж оруулсан Орон нутгийн хөгжлийн сантай холбоотой уялдаа холбоог ханган ажилласан бол энэ удаагийн 2 дахь төсөл эрхзүйн баталгаажуулалт руу нэлээн чиглэж, 3 жил хэрэгжих аж.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр 

Холбоотой мэдээ