Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг Булганд салбараа байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-12-03 17:56:35

Булган /МОНЦАМЭ/ Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг Булган аймагт салбараа шинэчлэн байгууллаа.

Тус нийгэмлэгээс зохион байгуулсан малчдын зөвлөгөөнд сум бүрийн төлөөлөл 400 шахам малчин оролцлоо. Төрийн шагналт зохиолч З.Доржийн санаачилсан энэ нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхжүүлж Дорнод, Баянхонгор аймагт мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийн салбар зөвлөлийг шинэчлэн байгуулжээ.

          Аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат хэлсэн үгэндээ:

          -Энэ оны эхний 11 сарын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг 104 бүртгэгдэж, энэ хэргийн илрүүлэлт 56,4 хувь байна. Малчдын хариуцлагыг нэмэгдүүлэх, мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах үүднээс аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс идэвхтэн мэдээлэгч малчин бий болгож байна. Нийт малчдын 88,6 хувь буюу 12,2 мянган малчин гар утас, 11,6 хувь буюу 1,6 мянган малчин интернэт ашиглаж байгаа нь мэдээлэл дамжуулан гэмт хэргийн гаралтыг бууруулах нэгэн боломж байна гэлээ.

     Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын  нийгэмлэгийн тэрүүн, “Сод Монгол” группийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар “Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалж, малчдаа амар тайван амьдруулахын дээр мал аж ахуйгаас гарах бүтээгдэхүүний зах зээлийг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулах бодлого хэрэгжүүлж, хөдөөгийнхний орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтлах болно” гэдгээ  илэрхийллээ.

          Бүрэгхангай сумын багийн Засаг дарга Д.Наранчимэг, Гурванбулаг сумын малчин Ц.Баярсайхан нарын хүмүүс санал бодлоо идэрхийлж, цагдаагийн байгууллага малын хулгайг илрүүлэхэд хойрго ханддаг, бэлчээрийн даац жил ирэх тусам муудаж байгаад арга хэмжээ авах, малчдаас татвар авч мал аж ахуйн бодлогыг хэрэгжүүлэх зэрэг санал гаргалаа.

          Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн Булган аймаг дахь салбарын гүйцэтгэх захирлаар Б.Ууганбаярыг томилсон байна. 




Холбоотой мэдээ