Галын аюулаас долоон хүний амь аварсан иргэдийг шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нарыг “Хүний төлөө” медалиар өнөөдөр шагнаж, нэг сарын цалинтай нь дүйцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ.
Тэд албан үүргээ гүйцэтгэж явахдаа галын аюулд өртсөн долоон хүний амь насыг аварч, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ. Өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө 4:30 цагт БЗД-ийн 12 дугаар хороонд “Хүн угаартсан байна” гэх дуудлагаар тэд долоон минутын дотор тус газарт очжээ.
Энэ үедээ галын аюулд өртсөн айлын гэрээс 2-13 насны таван
хүүхэд, хоёр иргэнийг цаг алдалгүй гаргаж, түргэн тусламжийн машиндаа
оруулж дуусахтай зэрэгцэн гэр шатаж нурсан байна.
Их эмч Э.Одгэрэл нь 2012 онд “Ач” анагаах ухааны их сургууль
төгссөн бөгөөд 2017 оны 12 дугаар сараас эхлэн Нийслэлийн Түргэн тусламжийн төвд
их эмчээр ажиллаж байна.
Жолооч Т.Гүнтэвсүрэн нь эрүүл мэндийн салбарт тасралтгүй 23 жил ажиллахдаа 17 мянга орчим дуудлагад явсан туршлагатай ажилтан юм.