"Жем интернэшнл" ХХК-ийн хамт олон болон донорууд цусаа хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-12-03 14:06:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦССҮТ-өөс зохион байгуулдаг уламжлалт “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” өнөөдөр тохиож байна.

Энэ удаагийн цусаа бэлэглэх өдрийг үндэсний тэргүүлэх аж ахуйн нэгжийн нэг “Жем интернэшнл” ХХК болон Монголын донорын холбоо /МДХ/-той хамтран тэмдэглэлээ. Өдөрлөгийг нээж ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ, донорын үйлсийг дэмжин байгууллага, хамт олноороо цусаа бэлэглэдэг аж ахуйн нэгжийн нэг “Жем интернэшнл” ХХК-ийнханд болон авлагагүй донорын эгнээг өргөжүүлэхэд ЦССҮТ-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж буй МДХ-ныхонд талархал илэрхийлсэн юм.
Энэ өдрийн хүрээнд, 70-аас дээш удаа цусаа өгсөн донор Н.Амгаланбаатарт
Хүрэл донор цол хүртээж алдаршуулсан бол “Бахархал 10” тэмдгээр Э.Ням-Очир, М.Хишигням, “Бахархал 20” тэмдгээр Г.Хүдэрбат, “Бахархал 30” тэмдгээр Б.Ганхуяг, “Бахархал 50” тэмдгээр Э.Чимидцэрэн нарыг тус тус шагнаж урамшуулав.
Мөн удахгүй болох дэлхийн сайн дурынхны өдрийг угтаж Монголын донорын холбооноос хамтран ажилладаг байгууллага, иргэддээ гарын бэлэг, дурсгалын зүйл гардуулж, урамшуулсан юм.


Холбоотой мэдээ