Х.Сэлэнгэ шатар, даамыг шийрний яс, даавуу ашиглан хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-03 16:33:15

Ховд /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулсан "Бид бүтээж чадна" шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах болзолт уралдаанд оролцогчидтой ярилцлаа. 

Чандмань сумаас оролцогч Х.Сэлэнгэ: Гэр бүлдээ хайртай хүн бүхэнд зориулж, “Ухаалаг утас биш уламжлалт тоглоомоор тоглож байя” уриан дор шийрний яс, даавуу ашиглан хийсэн эко тоглоом танилцууллаа.

Тэрбээр хэлэхдээ, Би дизайн технологийн багш мэргэжилтэй. Сүүлийн жилүүдэд ухаалаг гар утас, таблет, зурагт, компьютер гэх мэт орчин үеийн техник технологи маш хурдтай хөгжиж байна. Эдгээр техник технологийн дэвшил зөвхөн томчууд гэлтгүй бага насны хүүхдүүдийн өдөр тутмын хэрэглээний хэвшил болсон. Гэтэл энэ нь бага насны хүүхдийн өсөлт, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Тиймээс хүүхдийг ухаалаг утас биш Монголын уламжлалт тоглоом наадгайгаар дамжуулан хөгжүүлэхийг эцэг эхчүүдэд уриалж байна. Энэ утгаараа би эсгий, даавуу, малын яс ашиглаж шатар, даам болон бусад бүтээгдэхүүн хийж өрхийн орлогоо нэмэгдүүлдэг. Өдгөө бүтээлээ өргөжүүлэхийн зэрэгцээ сум орон нутгийн хэмжээнд байнгын үйлчлүүлэгчтэй болж байна гэв.  

Мөн даам, шатрын хүүг шагай, шийрний яс, даавуу ашиглан хийснээр хүүхдүүдийн тоглох сонирхлыг ихэд татах давуу талтай. Улмаар хадгалан хамгаалах, тогтмол ашиглахад хялбар болохыг тэрбээр онцлон хэлсэн юм.

Мөн хүмүүсийн тэр бүр ашиглаад байдаггүй малын яс, шүр зэргийг ашиглаж хүүхдийн тоглоом хийх нь бага насны хүүхдэд эко зөв дадлыг төлөвшүүлэх ач холбогдолтой хэмээв.

                       
                         Ц.Сүглэгмаа:
Өөртөө итгэлтэй байдал нь хүнийг хөдөлмөрт хөтөлдөг

Дөргөн сумаас оролцогч Ц.Сүглэгмаа: Тэрбээр сумынхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж бүжгийн хувцас, шүрэн эдлэл, хатгамал зэрэг 60 гаруй төрлийн гар урлалын бүтээл дэлгэж, олон нийтийн хүртээл болголоо.

Тэрбээр хэлэхдээ, 10 гаруй жилийн хугацаанд тасралтгүй гар урлалын бүтээгдэхүүн хийж өрхийн орлогоо нэмэгдүүлж байна. Би хөгжлийн бэрхшээлтэй гээд хэзээ ч хойш сууж байгаагүй. Бүхнийг хийж чадна гэсэн сэтгэлээр өөрийгөө урамшуулж хөдөлмөрлөж ирсэн. Өөртөө итгэлтэй байдал нь хүнийг хөдөлмөрт хөтөлж, хөгжих боломжийг бүрдүүлдэг гэлээ.  

Холбоотой мэдээ