Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-03 16:23:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар тус улсад албан ёсоор айлчлахаар Москва хотод өнөөдөр хүрэлцэн очлоо.



Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг “Внуково” олон улсын нисэх буудалд ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов тэргүүтэй төлөөлөгчид, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа нар угтан авч Москва хотын хүндэт харуулын гарнизон жагсаж хүндэтгэл илэрхийлэв. Энэхүү айлчлал нь хоёр улс “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-г байгуулж стратегийн түншлэлээ шат ахиулсны дараа болж буйгаараа онцлог юм.



Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх талаар санал солилцоно. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх Засгийн газар, яамд хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Маргааш буюу энэ сарын 4-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Москва хотноо болох ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форумд үг хэлж, “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцох юм.

Холбоотой мэдээ