Хүннүгийн үеийн соёлын үнэт олдвор борлуулахыг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-03 18:27:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  НТӨ III-I зуунд хамаарах Хүннүгийн үеийн соёлын хосгүй үнэт олдворыг борлуулах зорилгоор хадгалсан этгээдийг Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутгаас өчигдөр дайчлан баривчилсан тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв. 


Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт эртний Хүннүгийн үеийн булшыг ухсан этгээдүүд нь булшнаас авсан эд зүйлээ зарах гэж байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Энэ дагуу цагдаагийн байгууллага өнгөрсөн сарын 3-нд хавтаст хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Улмаар хойшлуулшгүй ажиллагаа явуулж тухайн этгээдийг баривчилсан бөгөөд хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг метал эд зүйлсийг хураан авчээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат “З”, “Г” нар энэ оны тавдугаар сарын 20-ны орчимд тус аймгийн Хатанбулаг сумын нутагт метал хайгч багажаар эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг зэвэрч хөгцөрсөн байдалтай гуулин эд зүйлсийг газрын хөрснөөс ухаж гаргажээ. Тэд эдгээрийг борлуулах зорилгоор хадгалсан байна. 



Хураагдсан эд зүйлийг Шинжлэх ухааны академи, Археологийн хүрээлэн шинжээч томилж шинжлэхэд, Хүннүгийн соёлд хамаарах НТӨ III-I зуунд хүрлээр бүтээгдсэн нэг бүсний чимэглэлийн товруу ба арал болохыг тогтоожээ. Эдгээр зүйлсийн үнэлгээг тоон утгаар илэрхийлэх боломжгүй, соёлын хосгүй үнэт зүйлсийн ангилалд багтах тул холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Холбоотой мэдээ