Бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг сайжруулах тэргүүн туршлага бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-04 13:31:33

Ховд /МОНЦАМЭ/. Мерси Кор олон улсын байгууллага Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд сумтай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Мерси Кор, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг(USAID)-ийн харьяа Гамшигт нэрвэгдсэн гадаад орнуудад тусламж үзүүлэх газар (OFDA) хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь төслийн 3 дугаар үе шат” (LTS3)-ыг хэрэгжүүлж байна.

Төслийн үйл ажиллагаа нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Төслийн дагуу зорилтот сумдад бэлчээрийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх замаар сайжирсан бэлчээрийн талбайг нэмэгдүүлэх ажлын хүрээнд орон нутагтай хамтран ажиллах юм.

Үүнтэй холбогдуулан Мерси Кор олон улсын байгууллагаас Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд сумыг сонгон авч, 12 дугаар сарын 03-ны өдөр тус сумын Засаг дарга нартай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Энэхүү үйл ажиллагаанд Мерси кор олон улсын байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрийн менежер Б.Энхтуяа, Эрдэнэбүрэн сумын Засаг дарга У.Цэрэнтогтох, Ховд сумын Засаг дарга Ш.Ерболат тэргүүтэй албаныхан оролцож, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажуулсан юм.

Тус санамж бичгийн хүрээнд талууд сумын гамшгийн эрсдэлийн бэлэн байдал болон бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг шинэчлэн сайжруулж, малчин өрхийн эмзэг байдлыг бууруулахад чиглэсэн нэлээд ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ гэж албаныхан ярьж байв.

Түүнчлэн зорилтот сумдад бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг сайжруулахад ашигласан шинэлэг арга туршлага, нөөц боломжийн талаар харилцан туршлага солилцох, орон нутгийн хэмжээнд тэргүүн туршлага бий болгохыг зорьж байгаа гэлээ.  


Холбоотой мэдээ