ЕХ-ны гишүүн орнууд БНАСАУ пуужин харвасныг зэмлэн буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-05 14:19:32

ТОКИО. /NHK/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэх Европын гишүүд БНАСАУ баллистик пуужин харвасныг зэмлэн буруушааж, хамтарсан мэдэгдэл гаргажээ.


БНАСАУ өнгөрсөн сарын 28-нд Японы тэнгист хоёр баллистик пуужин харвасантай холбоотойгоор Аюулгүйн зөвлөл өнгөрсөн лхагва гарагт хаалттай хуралдаан явуулжээ.


БНАСАУ баллистик пуужингийн туршилт явуулсаар байгааг зэмлэн буруушаахын сацуу иймэрхүү өдөөн хатгалга нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг илт зөрчиж буй явдал юм хэмээн уг мэдэгдэлд дурдсан байна. Түүнчлэн гишүүд АНУ-тай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэсэн үр дүнтэй яриа хэлэлцээ хийхийг БНАСАУ-д уриалжээ.


БНАСАУ баллистик пуужин харвасан нь НҮБ-ын тогтоолыг зөрчсөн явдал юм хэмээн Аюулгүйн Зөвлөлийн дийлэнх гишүүд мэдэгдээд байгаа хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа БНАСАУ-ын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийхийг зорьж байгаатай холбоотойгоор зөвлөл нэгдмэл байр суурьт хүрч чадаагүй байна.


Энэ оны эцэс гэхэд талуудын яриа хэлэлцээнд үүсээд буй мухардлаас гарах төлөвлөгөөг боловсруулахыг БНАСАУ АНУ-ын эрх баригчдад уриалсаар байгаа юм. 

Холбоотой мэдээ