Сагсанбөмбөгийн Үндэсний лигийн ээлжит тоглолтууд МҮЭСТО-д боллоо

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-12-05 14:23:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний лигийн тоглолт энэ удаа МҮЭСТО-д болсон бөгөөд Өвөрхангайн Тэнүүн-Өлзий баг улирлын дөрөв дэх тоглолтоо Баянхонгорын Мазаалай багийн эсрэг хийж гурав дахь ялалтаа авлаа.


Тоглолтын эхний үе 26:26-аар тэнцсэн бол хоёрдугаар үед 53:49-өөр Өвөрхангай Тэнүүн-Өлзий багийн илүүтэй, улмаар гуравдугаар үед 81:79-өөр Өвөрхангайн баг хоёр онооны зөрүүтэй хожлоор өндөрлөв. Харин дөрөвдүгээр үед Өвөрхангай Тэнүүн Өлзий багийн залуус энэ тоглолтын хамгийн их буюу 7 онооны зөрүүг үүсгэж 111:104-өөр өрсөлдөгчөө буулган авлаа.


Тус тоглолтод Б.Тамжид 20 оноо, 7 самбар, 9 оновчтой дамжуулалт өгсөн бол эсрэг багаас Маркус Хэммондс 34 оноо, 10 оновчтой дамжуулалт, 8 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн байна.


Дараагийн тоглолт Архангай Алтан Дорнодын Дайчид баг улирлын тав дахь тоглолтоо Улаанбаатар багийн эсрэг хийсэн юм. Лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг энэ удаад Үндэсний лигийн гурван удаагийн аваргуудын эсрэг сонирхолтой өрсөлдөөн үзүүлэв.


Тоглолт эхэлсэн мөчөөс Улаанбаатар багийн залуус эрч хүчтэй байж эхний үеийн төгсгөлд 17 оноогоор тэргүүлж эхлэв. Тус багийн М.Өлзий-Орших долоон удаа гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэж Үндэсний лигийн нэг үед хамгийн олон гурван онооны шидэлт оруулсан тамирчин болов. Харин Дайчид баг хоёрдугаар үед онооны зөрөөг  болгож ойртуулсан.


Улмаар хоёр багийн тоглолт тун тэнцүү өрнөсөөр 100:105-аар Архангайн Дайчид хожжээ. Ийнхүү Архангай Алтан Дорнодын Дайчид 5:0 гэсэн гайхалтай амжилттай улирлын тоглолтоо үргэлжлүүлж байна.



Холбоотой мэдээ