Арван жилийн турш ус ашигласны төлбөрөө төлөөгүй айл өрх байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-19 00:00:43

Усны хяналтгүй хэрэглээ үүсгэж, ус ашигласны төлбөр тооцоогоо төлөхөд хойрго ханддагаас айл өрх, усаар хангагч байгууллагын хооронд олон жилийн өр авлага үүсчээ.

Бүр 2005 он, 2009 оноос хойш усны төлбөр төлөөгүй 40 шахам айл өрх байгааг “Дундговь- Ус” ОНӨҮГ- ын захирал Б. Отгонтөгс хэллээ. Үүн дээр 2015 оны нэгдүгээр сарын нэгнээс усны үнийг нэмж, суурь хураамжтай болгосоноос хойш төлбөр хураамжаа төлөөгүй 500 гаруй айл өрх байна гэсэн юм.

Мандалговь хотынхон 35 км- т орших Олгойн говийн худгаас усаар хангагддаг. Олгойн говиос 6 санд хоногт 800 шоо метр ус шахан хуримтлуулж хэрэглэгчдэд хүргэдэг бөгөөд үүний дөнгөж 50 гаруй хувь нь л орлого болж төвлөрдөг байна. Ус бол үнэ төлбөргүй. Гагцхүү усаар хангаж байгаа үйлчилгээ, үйл ажиллагааны зардалд тогтоож батлагдсан тарифаар хураамж авдаг бөгөөд “Дундговь- Ус” ОНӨҮГ усаар хангах зардалд нэг тэрбум төгрөг зарцуулдаг байна.

Мандалговийн гэр хорооллын айл өрх хоногт 5- 10 литр ус хэрэглэдэг бол орон сууцны айл өрх 100-150 литр усны хэрэглээтэй.  Усны хяналтгүй хэрэглээ орон сууцын айл өрхөд илүү гардаг бөгөөд айл өрхүүдийн 80 гаруй хувь тоолууртай ч зарим айл өрх ус ашигласны төлбөр тооцоогоо бүрэн гүйцэд хийдэггүй, тэр ч бүү хэл тоолуурыг зориудаар эвддэг явдал ч  цөөнгүй гардаг ажээ.

Хэрэглээ, иргэдийн хандлагаас үүдэж байгаа усны алдагдлыг бууруулах нь тус байгууллагын ойрын зорилт болж байгаа бөгөөд эхний удаад  ирэх сарын нэгэн хүртэл олон жил хуримтлагдсан өр авлагыг барагдуулах ажлыг зохион байгуулж эхэлжээ.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ