Хамарын хийд орчмын нутгийг улсын тусгай хамгаалалтад авах саналыг дэмжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-12-09 12:17:15

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт буй Хамарын хийд орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах саналыг аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар дэмжиж батлав.

Одоогоос 12 жилийн өмнө 2007 оны 08 дугаар сарын 03-нд “АОЛК”ХК Хамарын хийд орчимд нүүрсний хайгуул явуулах тусгай зөвшөөрөл, 2007 оны 11 дүгээр сарын 08-нд ашиглалтын  тусгай зөвшөөрлийг тус тус авч байжээ.

Харин “АОЛК”ХК тусгай зөвшөөрлөө Хятадын хөрөнгө оруулалттай “Оуяашиёоу”ХХК-д шилжүүлсэн бол дээрх компани тусгай зөвшөөрлөө мөн л хоёр хувааж өөр компанид шилжүүлсэн байдаг.

Говь нутгийн үзэсгэлэн төдийгүй бурхны шашны өв соёл, энерги шингэсэн энэ газарт "Даблью Эс Жи Эл" уурхайн үйл ажиллагаа эхлэхээр зэхэж байсныг нутгийн ард олны эсэргүүцэл, хэвлэл мэдээллийн байгууллагын үнэн бодит мэдээлэл, орон нутгийн засаг захиргааны санал хүсэлтэд тулгуурлаж компанийн тусгай зөвшөөрлийг АМГТГ-аас цуцалсан юм.

Энэ нутагт 200 гаруй жилийн тэртээ Говийн тавдугаар дүрийн Ноёнхутагт Лувсанданзанравжаагийн номоо бясалгаж хүн зонд сургаалиа айлдаж байсан.

Холбоотой мэдээ