Зураач Д.Батхуяг "Хан хэнтийн өнгө-3" үзэсгэлэн гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-12-10 18:12:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд МУЭ-ийн гишүүн, зураач Д.Батхуягийн “Хан хэнтийн өнгө-3” бие даасан үзэсгэлэн гарч байна. Энэ сарын 7-14-ний өдөр гарах үзэсгэлэнд эзэн Чингис хааны түүх, нэртэй холбоотой уул усны 40 гаруй уран бүтээлийг дээжлэн дэлгэжээ.



Зураач Д.Батхуяг 1971-1975 онд ДУДС-д ардын зураач Л.Гаваагийн урланд уран зургийн мэргэжлээр суралцаж, 1984-1988 онд УБДС-ийн уран зургийн ангид Ардын зураач Г.Одонгийн урланг төгсжээ. 1975 оноос одоог хүртэл Хэнтий аймгийн урчуудын холбоонд зураач, тэргүүнээр ажиллан хөдөө орон нутагтаа 40 гаруй жил тасралтгүй уран бүтээлээ туурвисаар байна. Зураач Д.Батхуягийн уран бүтээлийн онцлог нь уран зургийн аргаар Их хааны түүхэн газар нутаг болон буриад зон олныхоо аж амьдралыг тусгасан бүтээлүүдийг чадварлагаар дүрслэн үзүүлдэгт оршино гэж зураач нөхөд нь ярив.

“Хан Хэнтийн өнгө-3” үзэсгэлэнгийн нээлтэд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон нутгийнхан нь ирж зураач Д.Батхуягт уран бүтээлийн өндөр амжилт хүсжээ.




Холбоотой мэдээ