Д.Трамп, С.Лавров нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-11 07:43:53

ВАШИНГТОН. /РИА новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн уулзалт харилцан ойлголцлын зарчимд өрнөж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Вашингтон дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


"АНУ-ын дотоод нөхцөл байдлыг бид ойлгож байгаа бөгөөд талууд үр дүнд хүрэх боломжтой салбаруудад ажиллах сонирхолтой байна. Тухайлбал, Стратегийн довтолгооны зэвсэглэлийг бууруулах тухай гэрээг сунгах хувилбаруудыг АНУ-д санал болгосон” хэмээн тэрбээр хэлжээ. Гэрээг сунгахад бэлэн байгаагаа С.Лавров батлан мэдэгдсэн байна.


Түүнчлэн Персийн булан дахь хямралыг даамжруулахгүй байх алхмуудыг авч хэрэгжүүлэх, Ираны эрх баригчидтай байгуулсан гэрээнээс АНУ гарсантай холбоотой асуудал хийгээд БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний асуудлыг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Ерөнхийлөгчтэй хэлэлцжээ.


“Умардын урсгал-2”, “Туркийн урсгал”-ын эсрэг хориг арга хэмжээнүүдийг АНУ-ын Конгресс батлан хамгаалахын төсөвтөө оруулах шийдвэрийн тухайд С.Лавров хэлэхдээ, иймэрхүү арга хэмжээнүүд нь төслийг хэрэгжүүлэх үйл явцыг зогсоож чадахгүй гэдэгт итгэлтэй байна хэмээн мэдэгдсэн байна. 


Мөн "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар Д.Трампыг Ялалтын баярт хүрэлцэн ирэхийг урьсан бөгөөд ийм боломж гарвал хоёр талт бүрэн хэмжээний яриа хэлэлцээг зохион байгуулах боломжтой болох юм” хэмээн тэрбээр ярьжээ.


Д.Трампын хувьд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хийсэн уулзалтаа “маш сайн” болсон хэмээн үзэж байгаагаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. "Бид Иран, БНАСАУ болон цөмийн зэвсэглэлд хяналт тавих, сонгуульд хөндлөнгөөс оролцохтой холбоотой асуудал гээд олон зүйлийг хэлэлцлээ. Ойрын хугацаанд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэж найдаж байна” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.  

Холбоотой мэдээ