Ирэх оны төсвийг 119.3 тэрбум төгрөгөөр батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-12-11 18:23:05

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 11-р хуралдаанаар ирэх оны төсвийг 119.3 тэрбум төгрөгөөр баталлаа. Энэ  нь 2019 онд анх батлагдсан төсөв 94.3 тэрбум төгрөгөөс 25,0 тэрбум төгрөг буюу 26,4 хувиар нэмэгдсэн бол энэ тодотгосон төсөв 100,5 тэрбум төгрөгөөс 18,8 тэрбум төгрөг буюу 18,7 хувиар нэмэгдсэн байна.

Гол нэмэгдсэн зардлуудыг тодруулбал төрийн албан хаагчдын цалин, холбогдох нэмэгдлүүдийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулсан шийдвэрүүдийн дагуу тооцогдсон өсөлт болон 2020 онд нэмэгдүүлэх өсөлтийг тооцон суурь дүнг 32,7 хувиар  нэмэгдүүлэн баталж ирүүлсэн. Шинээр ашиглалтад орох барилга обьектод зарцуулагдах болон дутагдалтай байгаа эх үүсвэрийг зохих хэмжээгээр шийдвэрлэх зорилгоор тогтмол зардлын суурь дүнг 2,3 тэрбум төгрөг буюу 18,2 хувиар, сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоол, үдийн цайны зардлыг 50 орчим хувиар нэмэгдүүлсэн байгаа нь нийт төсвийн нэмэгдлийн гол хувийг эзэлж байгаа аж.

Сангийн яамнаас 2020 оны орон нутгийн орлогыг 11,7 тэрбум төгрөг байхаар хянаж ирүүлснийг тооцоо судалгаа, аудитын зөвлөмжид үндэслэн 1151,4 сая төгрөгөөр нэмэгдүүлэн тооцсон бөгөөд төсөв хэлэлцүүлэх явцад шат шатны хурлаас буюу Засаг даргын зөвлөлийн хурлаас 310,0 сая, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас 610,0 сая, аймгийн ИТХ-ын хуралдаанаас 568,0 сая төгрөгийг тус тус нэмэгдүүлсэн. Ийм байдлаар орон нутгийн нийт орлогыг 14,4 тэрбум төгрөгт хүргэн шаардлагатай зардлуудад хуваарилсан бөгөөд үүний 1,6 тэрбум төгрөгийг орон нутгийн хөрөнгө оруулалтын зардалд хуваарилсан гэдгийг Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Базар  хэлж байлаа.

 

Холбоотой мэдээ